1. Байршил

Дэлхийн өв – Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг нь Төв аймгийн Мөнгөнморьт, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Батширээт сумдын нутгийн зарим хэсгийг хамран нийтдээ 415012 га талбайг эзлэн оршино.

Зураг: 1. Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийн байршил

2. Байгаль, газарзүйн онцлог

Их Бурхан Халдуны ойр орчмын бүс нутаг бол умар зүгийн хүйтэн чийглэг уур амьсгалаас өмнө зүгийн хэт хуурай уур амьсгалд шилжих эрс тэс биологийн бүсэд зохицсон генетикийн ховор шинж чанар бүхий биологийн эртний олон арван зүйлийн унаган амьтан, ургамал бүхий шим ертөнц бүрэлдэн тогтсон дэлхийд өвөрмөц онцлогтой газар нутаг юм.

Дэлхийн усны гурван том ай савын уулзварт Сибирийн мөнх цэвдгийн өмнөх сэжүүрт байрладаг, Их Бурхан Халдун уулын хоёр сугаас эх авсан Онон, Хэрлэн голууд нь Номхон далайд, Туул Хараа, Ерөө голууд Умард мөсөн далайд ариун усаа өгч хайрладаг билээ. Ийм учраас энэ тахилгат газар нутаг дэлхийн усны нөөцийг бүрдүүлж , Зүүн хойт Азийн экосистемийн тэнцвэрт байдал, биологийн олон төрөл зүйлийг хадгалж хамгаалахад онцгой үүрэг гүйцэтгэдэг.

Их Бурхан Халдун уул байрлаж буй Хан Хэнтийн нуруу нь унаган төрхөө алдаагүй Евро Азийн шилмүүст ой тайгын өмнөд, Төв Азийн хуурай хээрийн хойт хэсгийн уулзвар хэсэгт оршдогоороо туйлын өвөрмөц юм. Хан Хэнтийн нуруу нь байгалийн бүсийн үндсэн хэвийг төлөөлсөн, жинхэнэ тайгын ландшафтын таван хэсгийг багтаадаг бөгөөд Монголчуудын олон үеийн түүхийн дурсгалыг хадгалсан нутаг юм. Эзэн Чингисийн өлгий нутгийн түүх дурсгалын үнэт зүйлсийг үеийн үед өвлөн үлдээх явдал юм. Бурхан Халдун уулыг эзэн Чингисийн үеэс тахин шүтэж ирсний зэрэгцээ Монголын эртний хууль цаазын бичиг болох “Халх журам”-д дархан цаазтай болгосон байдгаараа өнө эртний түүхтэй.

Хэнтийн нуруунд орших Хан Хэнтий дархан цаазат газар нь уулын тайгын бүслүүрийн 32.6%ийг эзэлнэ. Монгол орны ойн фондын 30 орчим, нөөцийн 40 орчим хувь байдаг. Хэнтийн нурууны төв хэсэгт орших учраас ус зүйн сүлжээний нягтшил ихтэй юм. Туул, Онон, Хэрлэн, Хараа, Ерөө зэрэг монголын томоохон голууд тэдгээрийн цутгалууд эх авч урсах бөгөөд нэг хэсэг нь Умард мөсөн далайн ай савд, нөгөө хэсэг нь Номхон далайн ай савд багтана. Хан Хэнтийд нэрд гарсан Онон, Ест, Тарс, Минж, Зуу, Гутай, Барх, Бус нуур, Бүрх зэрэг олон тооны анагаах увдистай рашаан ус бий. Хан Хэнтийд 6 баг, 15 овог, 27 төрөлд 50 гаруй зүйл буюу манай орны хөхтний 40 шахам хувьтай тэнцэх хөхтөн бий. Хэнтийн уулархаг нутагт 85 овгийн 389 төрөлд хамаарах 1229 зүйл гуурст дээд ургамалтайгаас эмийн ургамал 284 зүйл, гоёл чимэглэлийн 287 зүйл, тэжээлийн 529 зүйл, хүнсний 46 зүйл, эфирийн тост 31 зүйл, витаминт 134 зүйл, будагч бодист 20 зүйл, анагаах бодист ургамлын 16 зүйл байдаг. Их Бурхан Халдуны ойр орчмын бүс нутаг нь Төв Азийн бүсэд оршдог, Монгол орны тайгын бүсийн өвөрмөц байгальтай, Туул, Онон, Хэрлэн гурван голын эхийг хамгаалах, эзэн Чингисийн төрсөн өлгий нутгийн түүх дурсгалын үнэт зүйлсийг үеийн үед өвлөн үлдээх, байгалийн хувьсал өөрчлөлтийг судлах, шинжлэх ухааны өндөр ач холбогдолтой нутаг юм.

3. Уур амьсгал

Хэнтий нуруу нь эх газрын эрс тэс уур амьсгалтай. Хаврын дулааралт, намрын сэрүүсэлтийн явц нь ижилхэн, зун нь сэрүүн чийглэг, өвөл нь хүйтэн чийглэг, уур амьсгалын үзүүлэлт нь тэнцүү хуваарилалттай байдаг. Монгол орны бусад нутгаас хамгийн их хур тунадастай, чийглэг, өвөл нь цасархаг харьцангуй дулаавтар тунгалаг цэнгэг агаартай. Хавар нь хуурайвтар, хахир хахирлаг, намар сэрүүн сэрүүвтэр, үе үе хөрөлтийн буюу цацрагийн манан хүдэн татаж байдаг. Зун нь урт биш, төдий л халуун биш байдаг (Г.Намхайжанцан, 2002). Хэнтийн уулархаг нутагт агаарын температурын хамгийн бага үе болох 1-р сарын агаарын дундаж температур голын сав хөндийгөөр -21-23 хэм, уул нуруундаа -20-21 хэм байдаг. Хамгийн дулаан үе болох 7-р сард агаарын дундаж температур уул нуруундаа +14 хэм, голын хөндийд +38 хэм байдаг. 

Хөрсний гадаргад өвөл агаарынхаас 1-3 хэм хүйтэн, зун 2- 4 хэм дулаан байдаг онцлогтой. Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газарт салхины зүй тогтол нь хойт, баруун хойноос ноёлох чиглэлтэй. Салхины хурд бусад нутгаас бага, жилийн дунджаар О.9-1.5 м/с байх боловч голын хөндий нутагт 2.5-4.8 м/с хүртэл нPэмэгддэг. Жилийн дундаж харьцангуй чийгшил 7О-75% хүрч хамгийн хуурай хаврын улиралд 45- 55% байна. Энэ бүс нутагт хуурай өдөр 15-2О өдөр тохиолдож байхад ЗО-4О өдөр нь 8О%-иас дээш чийгтэй байдаг. Хур тунадас жилдээ 35О-45О мм байдаг ба энэ нь жил бүр харилцан адилгүй байна. Хур тунадасны 95- 97 % нь дулааны улиралд, 75- 8О % нь зуны улиралд ордог ерөнхий зүй тогтолтой. Хэнтийн уулсаар унах хур тунадасны 80-85% нь зуны улиралд орох бөгөөд жилдээ 350-450 мм хур тунадас ордог.

4. Хөрс

Хан Хэнтийн уулс нь Монгол орны хөрс газарзүйн мужлалтаар хөрсний босоо бүсшил бүхий Хангай-Хэнтийн умардын субгумид хэв шинжид хамрагдах Монгол орны хамгийн чийглэг ой-тайгын хөрстэй газар нутаг болно. Хэнтийн уулсын хөрс нь ижил төсөөтэй Хөвсгөл орчмын хөрснөөс ялгагдах өвөрмөц онцлогтой. Илүү чийглэг нөхцөлтэй, хүйтэн өдрийн үргэлжлэх хугацаа арай бага зэргээс шалтгаалж хөрс нь харьцангуй илүү чийглэг, органикийн агууламж өндөр, намгархаг хэв шинжийн хөрс илүү тархсан зэрэг онцлогтой. Бага ба Их Хэнтийн нурууны усны хагалбар уулс далайн түвшнээс дээш 2200-2800 м өндөрт өргөгдсөн учир эдгээр уулсын харьцах өндөр, зүг зовхисын байдлаас хамаарч хөрсний тархалтад босоо бүсшилийн зүй тогтол тод илэрдэг. Уулын тундрын хөрс Монгол орны бусад уулархаг нутгийн хөрсийг бодвол харьцангуй сайн бүрэн гүйцэд хөгжсөн үе давхаргатай байдаг. Тайгын цэвдэгт болон тайгын ширэгт хөрсүүд нутаг дэвсгэрийн дийлэнх хувийг эзэлнэ. Монгол орны хамгийн зузаан буюу 3-4 метр хүртэл зузаан хүлэрлэг хөрс Хэнтийн уулархаг нутагт байдаг онцлогтой.

Хан Хэнтийн уулархаг нутгийн голуудын эх орчмын нуга-намгархаг хөрс нь голын усны нөөцийг эх үүсвэр, байгалийн усны зохицуулалтанд гол үүрэг гүйцэтгэх ач холбогдолтойг тул, хамгаалах, зохистой ашиглах асуудал чухал юм.

5. Ус

Их Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг нь Хэнтийн нурууны төв хэсэгт орших тул ус зүйн сүлжээний нягтшил ихтэй юм. Хэнтийн уулсаас эх аван урсах томоохон голуудын байнгын судалгааг 1947 онд Туул-Улаанбаатар хот, 1969 онд Тэрэлж гол дээр, 1985 онд Туул-Босгын гүүр орчимд байгуулагдсан ус судлалын байнгын харуулуудыг түшиглэн Ус, цаг уурын хүрээлэнгээс явуулж байна. Бага Хэнтий, Хан Хэнтий, Ононгийн Ноён уул хүртэл үргэлжлэх усны хагалбар уулсын ар өвөр хажуугаас усжих Туул, Хараа, Ерөө, Минж, Захар, Шороот, Онон, Эг, Хэрлэн зэрэг Монголын томоохон голууд, тэдгээрийн цутгал голууд эх авч урсах бөгөөд нэг хэсэг нь Хойд Мөсөн далайн ай савд, нөгөө хэсэг нь Номхон дөлгөөн далайн ай савд багтана. Хоёр их далайн ай савыг зааглагч усны хагалбар уулс нь чухамдаа гол нуруундаа бус харин бэлийн уулсдаа байдгаараа онцлогтой. Гол горхиуд нь уулын голд багтах тул усны унал, урсгалын хурд ихтэй байдаг. Тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт эртний мөсдлийн ул мөр элбэг дайралдах төв хэсгийн уулсад хунх, тэвшин хөндий, морены толгодтой бөгөөд түүний дунд цэнгэг устай олон арван жижиг нууруудтай. Гол, горхины усны үндсэн тэжээл нь хур бороо, хайлсан цас мөс, газар доорх усны урсац байхад нуурынх гадаргын болон газар доорх усных байна. Голуудын усны температур 3- р сарын сүүлчээс нэмэгдэж хамгийн их дулаан 6-р сарын шувтарга, 7- 8- р сард ажиглагдаж цааш буурсаар 11- р сарын эхнээс өвлийн горимд шилжинэ. Хаврын шар ус, зуны хур борооны үед огцом үерлэж усны түвшин эрс нэмэгдэн голуудын татам нэлдээ усанд автах нь цөөнгүй байдаг.

6. Ургамал

Хэнтийн уулархаг нутагт 85 овгийн 389 төрөлд хамаарах 1229 зүйл гуурст дээд ургамалтайгаас эмийн ургамал 284 зүйл, гоёл чимэглэлийн 287 зүйл, тэжээлийн 529 зүйл, хүнсний 46 зүйл, эфирийн тост 31 зүйл, витаминт 134 зүйл, будагч бодист 20 зүйл, анагаах бодист ургамлын 16 зүйл байдаг.

Зураг: 2. Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийн хамгаалалтын захиргааны хязгаарлалтын бүс доторх ургамалжилтын зураг

7. Ой

Монгол орны ойн фондын 30 орчим, нөөцийн 40 орчим хувь байдаг. Хан Хэнтийн ДЦГ, түүний орчны бүсийн ойн сан нь Төв Азийн эрс тэс уур амьсгалтай нөхцөлд зохицон ургадаг учир байгалийн жамаар нөхөн сэргэх чадавхиар нэн хязгаарлагдмал, түймэр, хөнөөлт шавж болон хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөлөлд хялбархан ордог уулын ой юм. Хан Хэнтийн ой нь гол мөрний усны нөөцийг зохицуулах, хөрсийг элэгдэл эвдрэлээс хамгаалах, уур амьсгалыг зөөлөрүүлэх, амьтан, ургамал, бичил биетний амьдрах тааламжтай орчныг бүрдүүлэх, мөнх цэвдгийг тогтоон барих зэрэг экосистемийн хувьд өндөр ач холбогдолтой юм. ХХДЦГ-ын ойн сангийн 96,8 хувийг шилмүүст, 3.2 хувийг навчит, орчны бүсийн ойн сангийн 92.3 хувийг шилмүүст, 7.7 хувийг навчит мод тус тус эзэлж байна. Монголын нийт ойн нөөцийн 30% нь Хэнтийн ууланд бий.

БОЯ-наас жил бүр ХХТХГ- ын орчны бүсийн нутаг Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгийн 6 (Батширээт, Мөнгөнморьт, Эрдэнэ, Батсүмбэр, Мандал, Ерөө) сумдын нутгаас хэрэгцээний мод бэлтгэх зөвшөөрөл олгодог боловч тухайн орон нутагт тавих хяналт сулаас зөвшөөрөлгүйгээр маш их хэмжээгээр мод огтлох асуудал гарч байна.

Зураг: 3. Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийн хамгаалалтын захиргааны хязгаарлалтын бүс доторх ойн сангийн зураг

8. Амьтан

Хан Хэнтийн уулсын систем нь Монгол орны амьтны аймгийн газар зүйн мужлалаар (Банников, 1954) Хэнтийн тойрогт хамаарна. Хэнтийн нурууны төв хэсэг буюу Онон, Хэрлэн, Туул, Хараа, Ерөө, Минж голуудын савын эхний уулзвар болсон зэлүүд хөвч тайга нь хөхтөн амьтны зүйлийн бүрэлдэхүүнээрээ Евразийн шилмүүст тайгын хөхтөн амьтны бүрэлдэхүүнтэй ойролцоо юм. Одоогоор Хан Хэнтийн ДЦГ-т хөхтнөөс шавж идэштэн 5, сарьсан далавчтан 4, туулай хэлбэртэн 4, мэрэгчид 19, махан идэштэн 13, туурайтан 5, мөлхөгч 1, шувуу 253 зүйл буюу 6 баг, 15 овог, 27 төрөлд хамаарах 50 гаруй зүйл амьтан байгаа нь Монгол орны амьтны аймгийн 40 шахам хувьтай тэнцэх амьтад байршин амьдардаг болохыг судлаачид (Мэндбаатар, Амгаланбаатар, 1999) тогтоожээ. Одоогоор тус ДЦГ-т ховор 5 зүйл, Монгол улсын Улаан Номонд орсон 5 зүйл, Ховордсон амьтан, ургамлыг худалдаалах тухай олон улсын Конвенц(CITES)-ийн 1, 2 дугаар хавсралтад орсон 5 зүйл хөхтөн, 4 зүйл шувуу байгаа нь тус газарт амьтны аймгийг хамгаалах нь ихээхэн чухал, ач холбогдолтой болохыг илтгэнэ.7

  • Ашигласан материал
    • GREAT BURKHAN KHALDUN MOUNTAIN AND ITS SURROUNDING SACRED LANDSCAPE NOMINATION (Amended text) 2015
    • Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын менежмент төлөвлөгөө (2010 2015)., УБ хот., 2010 он.
    • Хан Хэнтийн дархан цаазат газрын менежментийн төлөвлөгөө (2014-2018), УБ хот., 2014 он.
https://mongolia.panda.org/?229130/——–

Total Page Visits: 257 - Today Page Visits: 1