Дэлхийн өв-Бурхан Халдун уулын хамгаалалтын бүс орчим буюу Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг Ухаа толгойд орших буган чулуун хөшөө болон хүн чулуун хөшөө зэрэг эвдрэлд орсон чулуун дурсгалыг сэргээн засварлах ажлыг 2023 оны 07 дугаар сарын 19-20-ны өдрүүдэд Соёлын өвийн үндэсний төвтэй хамтран хийж гүйцэтгэлээ.
Хүн чулуун хөшөө нь хугарч дээд хэсэг нь салж хажуу талд нь хэвтүүлэн тавьж уг хөшөөг газарт суулгаж байрлуулахдаа цементээр цутгаж дүүргэлт хийсэн байв. Овор хэмжээнд тааруулж 10 мм-н голчтой 1 ширхэг титан шаантаг хийсэн. Нааж залгах гадаргууд усан цэвэрлэгээ хийж хатаагаад бетоны өрмөөр өрөмдөж наагдах гадаргууд чулууны цавуу түрхэж титан шаагтгаар холбож наасан. Залгаасны ирмэгээр эмтэрч дутсан хэсэгт адил чулууг нунтаглаж нарийн үйрмэгийг цавуутай хольж дүүргэлт хийв. Бүрэн хатсаны дараа хөшөөнд усан цэвэрлэгээ хийсэн.
Буган чулуун хөшөө нь хугарч хоёр хэсэг болсон ба суурь хэсэг нь унаж хэвтээ байрлалтай байв. Газарт суулгаж байрлуулахдаа цементээр цутгаж дүүргэлт хийжээ. Сууринд наалдсан цементэн бохирдлыг салгаж цэвэрлээд хүн чулууны баруун талд шинээр нүх ухаж ёроолд нь нарийн хайрга дэвсэж мөн адил хайргаар чигжэж дүүргэлт хийсэн. Хөшөөний овор хэмжээнд тааруулж 10мм-н голчтой 2 ширхэг мяндсан арматурыг шаантаг болгон хийсэн. Наагдах гадаргуунд усан цэвэрлэгээ хийж хатаагаад бетоны өрмөөр өрөмдөж нүхлээд чулууны цавуу түрхэж мяндсан арматураар холбож наасан. Залгаасны ирмэгээр дутаж алга болсон хэсэгт нарийн хайргыг цавуутай хольж дүүргэлт хийж бүрэн хатсаны дараа усан цэвэрлэгээ хийгдсэн.
Хамтран ажилласан Соёлын Өвийн Үндэсний Төв – ийн баг хамт олонд талархсанаа илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсье.