ДЭЛХИЙН ӨВ-БУРХАН ХАЛДУН УУЛ, ТҮҮНИЙГ ХҮРЭЭЛСЭН ТАХИЛГАТ ГАЗАР НУТАГ

ТАНИЛЦУУЛГА

Монгол Улс ЮНЕСКО-гийн 1972 оны Дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах тухай конвенцын хүрнээнд Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 299 дүгээр тогтоолыг үндэслэн 2020 оны 04 дүгээр сараас “БУРХАН ХАЛДУН УУЛ, ТҮҮНИЙГ ХҮРЭЭЛСЭН ТАХИЛГАТ ГАЗАР НУТГИЙН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА” байгуулагдан үйл ажиллагаа явуулж эхлээд байна.

“Дэлхийн өв-Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг” нь 443739.2 га талбай бүхий хамгаалалтын бүстэй, 271651.17 га талбай бүхий орчны бүстэй бөгөөд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Батширээт сум, Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг дэвсгэрийг дамнан оршдог.

ДЭЛХИЙН ӨВ-БУРХАН ХАЛДУН УУЛ, ТҮҮНИЙГ ХҮРЭЭЛСЭН

ТАХИЛГАТ ГАЗАР НУТАГ

            Өвийн газар нутгийн хил хязгаар нь хойд болон баруун хойд зүгт Сандалтын Сарьдаг, Биряагийн Сарьдаг, Өнгөлж уулс, Онон, Өвөр Нарт голуудын бэлчир;  зүүн болон зүүн хойд зүгт Ноён, Салбартын байц, Тарсын Тэгсгэр, Сайханы Даваа болон Буян Ундрахын уулс; өмнө зүгт Эрээн Модны Үзүүр, Хавал уул; баруун өмнөд зүгт Хэрлэн голын 1456 платформ болох Ширээт уул; баруун зүгт Даваатын Сарьдаг уулыг дамнан оршдог.

Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгаас Монголчуудын шүтээн болсон Хэрлэн, Онон, Туул голууд эх аван урсана. Сэцэн хан аймгийн Далай дархан гүн Барайширийн хошууны тахилгат газарт Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн олон тахилгат уул, усыг нэр заан дурдсан байдаг.

            Онон, Хэрлэн, Туул, Богдын гол, Буурал ах, Их ах, Дунд ахын голууд, Илүүр, Элгэн, Тэнүүний гол, Гурван Жаргалантын гол булаг гээд Их хайрханыг хүрээлсэн эртний тахилгат рашаан булаг, голууд байдаг. Мөн уулын эргэн тойронд Баатар жанжин, Босго тэнгэр, Бүрэн Гоцох, Гурван Ах нар Эрдэнэ хайрхан, Тайж Цагаан, Дуут Ян гээд тахилгат уул, овоо хүрээлсэн байгаа нь Монголчууд энэ газар нутгийг эртнээс бүхэлд нь тахин шүтэж байсны тод илэрхийлэл билээ. Уул усандаа залбиран, мөргөж тахилга хийдэг уламжлал өнөөдөр ч хэвээр байна. Энэ нутагт амьдарч ирсэн нүүдэлчин түмэн тахилгат уул, усаа хайрлан хамгаалж дархалсанаар энэ бүс нутаг онгон, дагшинаараа үлдсэн билээ.

            Бурхан Халдун уул түүнийг хүрээлсэн нутаг нь дэлхийн умард нутгийн хүйтэн чийглэг уур амьсгалаас өмнө зүгийн хэт хуурай агаарт шилжих эрс тэс уур амьсгалд дасан зохицсон, генетикийн ховор шинж бүхий биологийн эртний олон арван зүйлийн амьтан, ургамал бүхий шим ертөнц бүрэлдсэн дэлхийд ховор, өвөрмөц онцлогтой, газар нутаг юм.

            Энэ бүс нутаг нь цэнгэг усны нөөц, экосистем, биологийн төрөл зүйлийн тогтвортой байдлыг хангахад онцгой чухал үүрэг гүйцэтгэдэг юм.

БУРХАН ХАЛДУН УУЛ

“Чингис хааны язгуур дээд тэнгэрээс заяат төрсөн Бөртэ-Чоно, гэргий Гуа-Маралын хамт тэнгис далайг гэтэлж ирээд Онон мөрний эх Бурхан Халдун ууланд нутаглаж…” хэмээн Монголын нууц товчоо эхэлдэг. Энд дурдагдан буй Бурхан Халдун уул гэдэг нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт орших Хэнтий нурууны салбар нэгэн оргилыг нэрлэдэг.

Төрийн тахилгат, Үндэсний бахархалт, Бурхан Халдун хайрхан нь Хиад Боржигоны өвөг Бодончарын үеэс тахин шүтэгдсээр иржээ. Монголын эзэнт гүрнийг үндэслэгч Их эзэн Чингис хаан “Бурхан Халдуныг өглөө бүр мялаасугай, өдөр бүр өчсүгэй, ургийн ураг минь ухан мэдтүгэй” гэсэн алдарт захиасаа буулгаснаар Монголчуудын их шүтээн уул болсон билээ. Бурхан Халдун уул бол Чингис хаан өөрөө тахиж байсан, Их хаадыг онголсон эрхэм дээд хайрхан юм.

Чингис хаан Бурхан Халдун уулыг Монголчуудын сүлд шүтээн уул болгон тунхаглаад, “Гурван голын эхэнд бусдыг бүү нутаглуул” гэж хойч үедээ захисан байдаг. Түүнээс хойш Урианхай омгийн 1000 цэргийг харуул болгон суулгасан тухай ХIII зууны Персийн нэрт түүхч Рашид Ад Дин тэмдэглэн үлдээжээ.

Бурхан Халдун уул

Бурхан Халдун уулын эргэн тойронд эртнээс тахиж шүтэж ирсэн уул, даваа, ус, гол олон байхаас гадна Бурхан Халдун хайрханыг тахиж ирсэн Үүд мод, Дээд цагаан арал, Бэлийн овоо, Дунд овоо, Дээд овоо гэх мэт үе, үеийн тахилга шүтээний газрууд нь өдгөө бидний үед уламжлагдан иржээ.

Бурхан Халдун уулын Тэнгэрийг тайх мөргөлчид нь Хэрлэн голыг өгсөж “Дээд Цагаан арал”, “Гурван хориуд, “Үүд мод”-ыг өнгөрөн, “Босго,Тэнгэрийн даваа”-г даван Хэрлэн голын гармаар гарч Богдын голыг өгсөн явсаар Бурхан Халдун уулын “Бэлийн овоо”-нд хүрнэ. Цааш модон дундуур өгсөн “Дунд овоо”-нд мөргөлийн зан үйл үйлдэж, бэрх бартаатай замаар эгц дээш явсаар Дээд овоо”-нд хүрдэг.

Эзэн Чингис хааны үеэс Бурхан Халдун хайрханыг бөөгийн ёсоор тахиж, хожим Дунд болон Бэлийн овоог Бурхны шашны ёсоор тахидаг уламжлал тогтжээ. Дунд болон Бэлийн овоонд халхын Анхдугаар Богд Өндөр Гэгээн Занабазар, Наймдугаар Богд Жавзандамба хутагт нар морилон очиж тахилга үйлдэж байсан гэх бөгөөд Дээд овоонд огт гардаггүй байжээ.

ДЭЭД ОВОО
БЭЛИЙН ОВОО

БОСГО ТЭНГЭРИЙН ДАВАА:

Мөнгөнморьт сумаас Хэрлэн голоо өгсөн Үүд мод, Хойд хориуд, Бунханч, Солоочийг өнгөрөн Богд Яны гүүрээр гарч, Гурван сайханы голыг гатлан явсаар 70 орчим км замыг туулж Босго тэнгэрийн даваанд хүрнэ.

Босго тэнгэрийн даваанаас цааш харийн хүн, хатан хүн гардаггүй гэсэн домогтой бөгөөд эмэгтэйчүүд Босго тэнгэрийн овооноос Бурхан Халдун хайрхандаа мөргөж сүсэглэдэг билээ.

БОСГО ТЭНГЭРИЙН ДАВАА:

Мөнгөнморьт сумаас Хэрлэн голоо өгсөн Үүд мод, Хойд хориуд, Бунханч, Солоочийг өнгөрөн Богд Яны гүүрээр гарч, Гурван сайханы голыг гатлан явсаар 70 орчим км замыг туулж Босго тэнгэрийн даваанд хүрнэ.

Босго тэнгэрийн даваанаас цааш харийн хүн, хатан хүн гардаггүй гэсэн домогтой бөгөөд эмэгтэйчүүд Босго тэнгэрийн овооноос Бурхан Халдун хайрхандаа мөргөж сүсэглэдэг билээ.

БОСГО ТЭНГЭРИЙН ДАВАА:

Мөнгөнморьт сумаас Хэрлэн голоо өгсөн Үүд мод, Хойд хориуд, Бунханч, Солоочийг өнгөрөн Богд Яны гүүрээр гарч, Гурван сайханы голыг гатлан явсаар 70 орчим км замыг туулж Босго тэнгэрийн даваанд хүрнэ.

Босго тэнгэрийн даваанаас цааш харийн хүн, хатан хүн гардаггүй гэсэн домогтой бөгөөд эмэгтэйчүүд Босго тэнгэрийн овооноос Бурхан Халдун хайрхандаа мөргөж сүсэглэдэг билээ.

ДЭЭД ЦАГААН АРАЛ:

Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутагт Хэрлэн голын гүүрийг даваад Дээд Цагаан аралд очино. Бурхан Халдун хайрханы тахилгыг бороо хур ихтэй үед хайрханы бараа харагдах газраас буюу Дээд цагаан аралаас тахидаг уламжлал байжээ. Тэрхүү хуучин тахил тайлга хийж байсан овоог 2018 онд ард түмний санаачлага дэмжлэгээр Хан Хэнтийн Улсын Тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа шинэчлэн сэргээн босгожээ.

ГУРВАН ХОРИУД:

Персийн түүхч Рашид ад Дины бичсэн “Судрын чуулган” хэмээх сурвалжид Чингис хаан болон түүний угсааны хүмүүсийн онгон болон Бурхан Халдун уулыг хамгаалж буй их хоригийг Урианхайн Удачи ноёноор ахлуулсан мянгат сахин хамгаалдаг талаар тэмдэглэсэн байдаг. Энэхүү “Их хориг” нь одоогийн хориг хэмээн нэрлэгдэж буй Бунхант, уулын өмнө талд байрлах “Гурван хориг” мөн хэмээн ихэнх судлаачид үздэг.

ДУНД ХОРИУД

ҮҮД МОД:

Мөнгөнморьт сумаас Хэрлэн голоо өгсөн явсаар, Хойт, Дунд хоёр хоригийн бэлчирт Үүд мод хэмээх газар бий. Хур бороо ихтэй үед Бурхан Халдун ууланд хүрэх бололцоо муутай. Үүд модноос Бурхан Халдун уулын тахилгыг хоёр модны хооронд хэц татаж, эсгий унжуулан хаагаад, тахилгын зан үйлийг үйлддэг сонирхолтой ёс ХХ зууны эхэн хүртэл хадгалагдаж байжээ.

ҮҮД МОД

-ОНОН ГОЛ:

Онон гол нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутаг Хэнтий нуруунаас эх аван урсаж ОХУ-ын Ингода голтой нийлж Шилка мөрнийг үүсгэдэг.

Монголчууд Богд хаанаа ширээнд залж, төр улсаа байгуулан, харьяат улсын доторхи тахилга шүтлэгтэй уул усны нэр тоог гарган ирүүлэхийг аймаг, хошуудад явуулсан байдаг. Үүний дагуу Сэцэн хан аймгийн Далай дархан гүн Барайширын хошуунаас тахилгатай газруудыг тодорхойлсон бичигт Онон гол, Рашаан булаг, Хэрлэн гол зэргийг эрхэмлэн тахидаг тухай тэмдэглэсэн байдаг.

 Дорнод аймгийн ИТХ-ын 2019 оны 04 тоот тогтоолоор Хэрлэн, Онон голуудыг  хамгаалтанд авч “Аймгийн тахилгат гол” болгожээ. Онон голын тахилгыг Онон-Улз голын сав газрын захиргаа санаачлан Хэнтий, Дорнод аймгийн нутгийн иргэдийн оролцоотойгоор  зуны эхэн сард лусын буулттай өдөр тахиж байна.

Онон голын тухай “Монголын нууц товчоо”-нд:

Есүхэй баатар Татаар иргэнийг ялж Тэмүжин-үгэ, Хори-буха зэрэг хүнийг барьж ирэхэд Ононы Дэлүүн болдог гэдэг газар Тэмүүжин төрсөн;

-Тэмүүжин Тайчуудаас зугтан Ононы шугуйд нуугдаж, Сорхоншарын  тусламжтай аврагдаж байсан;

-Ононы эх Ботохан-бооржи гэдэг газарт Тэмүжин, Тоорил хан, Жаха хамбу гурвуул ирвэл Жамуа гурав хоног хүлээсэн тухай;

-Жамуха нэгэн гурын шагайг Тэмүжинд өгч, Тэмүжин нэгэн цутгамал шагайг Жамухад өгч, Ононы мөсөн дээр шагалцан наадаж анд бололцсон зэрэг олон үйл явдлыг өгүүлдэг.

-ХЭРЛЭН ГОЛ:

Хэрлэн гол нь Бурхан Халдун уулыг хүрээлсэн олон гол горхиноос эх аван урсаж Хэнтий, Төв, Дорнод аймгийн нутгийг дамжин ӨМӨЗО-ны Далай нуурт цутгана.

 “Хэрлэн гол”-ын их тахилгыг билгийн тооллын хаврын адаг сарын 28-нд буюу Аргын тооллын  05 дугаар сарын 13-нд лусын буулттай өдөр Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутаг Бөгтөр харын рашаан хэмээх газар зохион байгуулжээ.

Мөн Хэнтий аймгийн “Хэрлэн голын сав газрын захиргаа 2020 оны 10 дугаар сарын 29-нд тахисан байна.

Тахилгын үеэр “Хэрлэнгийн баръяа” дууг дуулан, Хэрлэн голын магтаал өргөж гол, усаа баясгадаг байна.

Хэрлэн голын тухай “Монголын нууц товчоо”-нд:

-Тэмүжин нас биенд хүрсэний хойно Бэлгүтэйн хамт Хэрлэн мөрөн явж Бөртэ-Үжинийг авч ирэхээр явсан;

Тэмүжин Бөртэ-Үжинийг авч хамт буцахад Дэй сэцэн үдэж яваад Хэрлэний Ураг цөл гэдэг газар хүрч Хэрлэн руу гэдрэг буцав;

-Тэмүжин нар Сэнгүр горхиноос нүүж, Хэрлэн мөрний эрх Бүрги эрэгт бууж нутагтлах цагт Цотан эхийн бэлэг гэж авчирсан хар булган дахыг авч Тэмүжин, Хасар, Бэлгүтэй гурвуулаа Есүхэй эцгийн хуучин дотно анд Ван хантай уулзахаар очив…. гэх мэт олон үйл явдалыг өгүүлэн харуулж байна.

Туул гол

Туул гол нь Бага Хэнтийн нуруунаас эх аван Хэнтий, Төв, Булган, Сэлэнгэ аймгийн нутгаар урсан Орхонд голд цутгадаг. Туул голын хоёр захаар үргэлжлэх бургастай шугуйг Туулын хар шугуй гэдэг. Туул голын сав газраар Хэрэйдийн ван хан Тоорил нүүдэллэн суурьшиж байсан тухай Монголын нууц товчоонд дурдсан байдаг. Хатан Туулын ус нь Монголын 5 аймгийн 37 сум, Улаанбаатар хотын 7 дүүргийн нутаг дэвсгэрийг дамжин олон мянган хүн малыг ундаалан урсдаг  байна.

ГУРВАН ГОЛЫН ДОМОГ

Эртнээс монголчууд Хэрлэн, Онон, Туул голуудыг өгсөн, уруудан нүүдэллэж, тунгалаг ариун уснаасаа ундаалан, олон зууныг өртөөлж төр улсаа байгуулсан түүхтэй. Тийм ч учраас эдгээр гурван голын саваар Их гүрнийг эмхлэн байгуулсан Эзэн богд Чингис хаан болоод түүний өвөг дээдэс, үр хойчийн түүхийг агуулсан домогт газрууд олон байдаг.  

 Хан Хэнтий уулсын эзэн Лусын хаан Онон, Хэрлэн, Туул гэсэн гурван гоолиг сайхан охинтой юмсанж. Эдгээр охидынх нь үзэсгэлэнт царайнаас өдөрт нь алтан нар гэрэлтэж, шөнөд нь мөнгөн сар цайрдаг учир газар холын хан хөвгүүд сэтгэл алдан тэмүүлцгээдэг байжээ. Хамгийн үзэсгэлэнтэй том охин Ононгоо маш их гоёж Номхондалай хэмээх хан хөвгүүнд хатан болгон, удаах охин Хэрлэнгээ Далайнуур гэдэг хан хөвгүүнд хатан болгон өгсөн гэдэг. Хоёр том охин нь алс холын нутагт бэр болон одсон тул бага охин Туулыгаа хаан аавынхаа хөлийг хучиж, харах мэлмий болж яв хэмээн зарилагдсан ажээ.

Хатан Туул эмэгтэй хүнд ээлтэй, Хатан Хэрлэн эрэгтэй хүнд ээлтэй гэсэн домогтой билээ.

ДЭЛХИЙН ӨВ-БУРХАН ХАЛДУН УУЛ ТҮҮНИЙГ ХҮРЭЭЛСЭН ТАХИЛГАТ

ГАЗАР НУТГИЙН СОЁЛЫН ӨВ

“Соёлын өв” гэж түүхэн тодорхой орон зай, цаг үеийн аль нэг хэсгийг төлөөлж чадах байгаль, нийгэм, түүх, соёл, урлаг, шинжлэх ухааны үнэ цэн, ач холбогдол бүхий өвийг хэлэх бөгөөд соёлын өвийг биет ба биет бус хэмээн хоёр ангилна.

Соёлын биет өвийг дотор нь “түүх, соёлын үл хөдлөх дурсгал” болон “түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйл” хэмээн хуваадаг.

“Холимог өв” соёлын болон байгалийн өвийн хоёулангийн шинж чанарыг агуулж буй газар нутгийг холимог өв хэмээн Дэлхийн өвийн конвенцод үздэг.

Холимог өвд тухайн ард түмний дунд тахин шүтэгдэж, хүндлэгдэн дээдлэгдсэн газар нутаг, уул, ус ордог.

“Түүх, соёлын үл хөдлөх дурсгал” гэдэг нь гадна орчинд, байгаль дээр тухайн унаган газартаа хүрээлэн байгаа орчны хамт үнэ цэн ач холбогдол нь илэрхийлэгддэг, авран хамгаалах аюул эрсдэлээс сэргийлэх зорилгоор зөөж хөдөлгөхөөс бусад тохиолдолд хөдөлгөхийг хориглох дурсгалыг хэлдэг бол “түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйл” гэж тодорхой орон зайд шилжүүлэн байршуулах боломжтой, музейн сан хөмрөг, хувь хүн, сүм хийдэд уламжлагдан, тахигдаж ирсэн, биедээ болон зөөж тээвэрлэн авч явах боломжтой эд өлгийн зүйлсийг хамаатуулж болно.

Монгол улсын хэмжээнд 2015 оны түүх, соёлын үл хөдлөх дурсгалын нэгдсэн тооллогоор Төв аймгийн Мөнгөнморьт суманд 24 дурсгал, Хэнтийн аймгийн Батширээт суманд 60 дурсгал, Өмнөдэлгэр суманд 104 дурсгал тоологдсон байдаг.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн Дугаар 13 тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-ыг хавсралт ёсоор баталсан байдаг. Тус тогтоолын хавсралтад:

Аймаг, сумын нэрс: Дурсгалын нэрс :

Төв аймаг, Мөнгөнморьт сум – Бүрхийн дөрвөлжин

– Сарьдагийн хийдийн туурь

– Тэрэлжийн дөрвөлжин

Хэнтийн аймаг, Батширээт сум – Өглөгчийн хэрэм

– Рашаан хадны цогцолбор дурсгал

Өмнөдэлгэр сум -Балдан Бэрээвэн хийдийн

цогцолбор, бурхадын зураг, бичээс

-Дунд Жаргалантын цогцолбор дурсгал

Дэлхийн өв-Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийн хамгаалалтын захиргаа, Соёлын өвийн үндэсний төв, Археологийн хүрээлэн, Хэнтий аймгийн музейтэй хамтранХэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд түүх, соёлын үл хөдлөх дурсалын хайгуул судалгааг 2020 оны 07 дугаар сард  зохион байгууллаа. Судалгааны үр дүнд 19 хүн чулуун хөшөөнд бүртгэн баримтжуулалт хийсэн. Дээр дурдсан хүн чулуун хөшөөдөөс Түрэгийн үед холбогдох 4, Монголын үед холбогдох 1, он цагийг нарийвчлан тогтоогоогүй 14 хүн чулуу байна. Хамтран ажилласан судалгааны байгууллагатай нарийвчилсан судалгааг хийж байна.

-ТЭРЭЛЖИЙН ДӨРВӨЛЖИН:

Төв аймгийн Мөнгөнморьт сум Тэрэлжийн голын хойд эрэгт шороон далан бүхий нэгэн хотын туурь байх ба сууринг анх Зөвлөлтийн нэрт эрдэмтэн Б.Я.Владимирцов, Буриадын эрдэмтэн Базар Бараадин нар 1925 онд бага хэмжээний малтлага үйлдэн түүний он цагийг тогтоох оролдлого хийжээ. Тэд энэ туурийг “Хасар балгас” хэмээн нутгийн ард олны нэрлэдгээр баримтлан Чингис хааны дүү хавт Хасарын орд байсан байх гэж үзсэн байдаг.

Монголын эрдэмтэн Х.Пэрлээ 1952 онд Тэрэлжийн дөрвөлжинд малтлага судалгаа хийж Хүннүгийн үед холбогдох суурин болохыг тогтоожээ.

Монгол-ОХУ-ын хамтарсан “Монгол улсын нутаг дахь Хүннүгийн хот суурин” төслийн хүрээнд 2007, 2010, 2016 онуудад Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг Тэрэлжийн дөрвөлжин хэмээх дурсгалд малтлага судалгаа тус тус хийжээ.

Тэрэлжийн дөрвөлжин нь Мөнгөнморьт сумын нутаг, Хэрлэн голын баруун талаас цутгадаг Тэрэлж голын зүүн хөвөөнд Баянжаргалан уулын урд дэвсэгт оршино.

Тэрэлжийн дөрвөлжин хотын туурийн малтлагаас илэрсэн олдвор хэрэглэгдэхүүн,  хотын бүтэц, зохион байгуулалт зэрэг нь Хүннүгийн хот суурины дурсгалуудтай ижил төстэй байна.

ТЭРЭЛЖИЙН ДӨРВӨЛЖИН
ТЭРЭЛЖИЙН ДӨРВӨЛЖИН ДЭВСГЭР ЗУРАГ
ДЭЭВРИЙН НҮҮР ВААР

-СОЁЛЫН БИЕТ БУС ӨВ

Монгол Улс нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын (НҮБ) боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага болох ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай 2003 оны конвенцид 2005 онд нэгдэн орсон.

Соёлын биет бус өвийг хамгаалах тухай 2003 оны конвенцид “Соёлын биет бус өв” (СББӨ) гэдэг нь хамт олон, бүлэг хүмүүс, зарим тохиолдолд хувь хүн соёлын өвийнхөө бүрэлдэхүүн хэсэг гэж хүлээн зөвшөөрсөн зан үйлүүд, үзүүлж харуулах болон илэрхийлэх урлаг, арга үйлдлүүд, мэдлэг болон арга ухаан, тэдгээртэй холбоотой эд өлгийн зүйл, зэмсэг, урлагийн бүтээл хийгээд соёлын орон зайг хамарсан өргөн хүрээтэй ойлголт юм.

Соёлын биет бус өв нь дараах хэлбэрээр илэрдэг. Үүнд:

  1. Эх хэл, аман уламжлал; түүнийг илэрхийлэх хэлбэрүүд
  2. Урлагийн тоглож үзүүлэх, илэрхийлэх хэлбэрүүд;
  3. Зан үйл, ёс заншил, баяр наадам,
  4. Байгалийн болон сав ертөнцийн тухай мэдлэг ухаан;
  5. Уламжлалт урлал гэсэн үндсэн таван ай савд хамаарсан, олон төрөл зүйлийн, асар баялаг өв юм.

Дэлхийн өв-Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг болох Хэнтийн болон Төв аймагт уртын дуу, морин хуур, ардын хөгжим, бүжиг, ерөөл магтаал, морь бөхийн цол, исгэрээ, хөөмий, хархираа зэрэг язгуур урлагийн илэрхийллүүд, нүүдлийн мал аж ахуйтай холбогдох ёс заншил, эсгий урлал, чулуун сийлбэр, модон сийлбэр, уран хатгамал, оёдол, нэхмэл, сүлжмэлийн урлал зэрэг гар урлал, уламжлалт зан үйл, байгалийн болон сав ертөнцийн тухай мэдлэг, заншил, уламжлалт арга технологи гээд СББӨ-ийн олон илэрхийллийг эзэмшсэн олон өвлөн уламжлагч амьдардаг.

Тухайлбал: Энэ нутгийнхан “Хэрлэнгийн баръяа” уртын дууг найр наадам, ёслол хүндэтгэлийн арга хэмжээний эхэнд дуулдаг. Энэ дуу Хэрлэн мөрний эх ундарга авдаг Хэнтий хан уул буюу Бурхан Халдун уулын ойролцоо зохиогдсон болов уу гэж судлаачид үздэг. Энэ дуунд:

Хэрлэнгийн баръяа л гэж ахай ла минь

Хөхөрчү харагдана

Хөөрхий бяцхан ахай ла минь

Түүний тэнд суудаг даа

Хөхөрч харагдах ахай ла минь

Хөөрхий маны нутаг…хэмээн Хэрлэн голоо магтан дуулдаг юм. 

УРТЫН ДУУ

Уул овоо тахих зан үйл:

Монголчууд эртнээс тэнгэр, газар, уул, ус бүхэн хүний нүднээ үл үзэгдэх далдын эзэнтэй хэмээн үзэж, тэдгээрт зориулан мод чулуугаар овоо босгон тахин шүтэж иржээ. Тахилгын зан үйлийг тогтсон дэг жаягийн дагуу Тахилга болох өдрийн өглөө нар гарахаас өмнө тахилгад оролцогчид овоо руу хөдлөнө. Бүх хүн идээ будаагаа базааж, гоёлын хувцсаа өмсөн, үр хүүхдээ дагуулан ихэд хүндэтгэлтэйгээр оролцоно.

Хүндэт зочид овооны баруун хойд талыг барьж сууна. Үүнд өндөр настан голдуу байна. Уул овоог тахих зарлигийн бичгийг төрийг төлөөлж оролцож байгаа түшмэл уншина. Овооны зүүн хойд талд лам нар сууна. Уншлага үйлдэх лам нар гурваас дээш тоотой байна. Эдгээр ламыг сүмийн толгойлогч мяндагтан томилон оролцуулна. Тахилгад уншдаг судар ном болон, тухайн ууланд зориулсан сан судрыг тэр нутгийн хамгийн дээд номтой, сүм хийдийн цол хэргэмтэй, тахилга хийхэд дадаж мэргэшсэн лам нар болон судрыг сайн мэддэг ахмад настангууд уншина. Тахилгад оролцогч лам нар цан, дамар, хэнгэрэг, бүрээ бишгүүр үлээнэ.

Овооны өмнө наран ургах зүгт тахилгын зүйлс болох цагаан идээ, шүүс, өрөм, тосоо өрж бэлтгэнэ. Арц, агь, ганга ариун үнэртэн уугиулна.  Газрын эздийг урин магтаж, эл газарт морилон ирж, ивээл хайраа үзүүлэхийг наманчлан гуйна.             Оролцогчид залбиран “тал дүүрэн адуу, тэмээ, хот дүүрэн хонь үхрийн хишиг хайрламуй хэмээн хишиг буян хурайлан дуудаж, хүсэл даатгалын үгсийг хэлнэ. Ингэж хэлсэн олон арван мөртэй аман яруу найраг байдаг. Буян хишгийг дуудан ирүүлэх даллагын сум тэнгэрт илгээж, малчид мал сүргээ өсч олшрохыг бэлгэдэн мал сэтэрлэнэ. Сэтэрлэсэн мал эдэлгээнд хэрэглэгдэхгүй дархлагдана.

Үүний дараа лусын хаад, бусад тэнгэрийг урин залж, хамаг амьтны тусын тулд буян хишгээ хайрлахыг ерөөдөг байна. Тахилгын уншлага өндөрлөж, лам нар овооны голд балин, ар талд нь хонины толгой, дал дөрвөн өндөр, хавирга, зүүн талд нь уураг сүүл, дунд чөмөг, өмнө талд нь мөнгө, хойд талд нь хадаг тавин авсан чулуугаа эргүүлэн овоонд рашаанаар сацал өргөж ариулна. Үүгээр овоо тахих ёслол өндөрлөнө.

Тахилгын дараа бүх оролцогчид уулын бэлд бууж овоо тахилгын бэсрэг наадам хийж, дуу хуур, ерөөл магтаал өргөж уул усны эздийг баясгана.

Бурхан Халдун уулын тахилга:

Бурхан Халдун уулыг язгуурын монголчууд бөөгийн ёсоор тахиж, зан үйлийг үйлдсээр иржээ. Тэмүжин Гурван мэргэдээс Бурхан Халдун уулын эздийн ачаар аврагдан өвөг дээдэс болох Бодончарын үеэс тахиж шүтэж ирсэн Бурхан Халдун уулаа өглөө бүр мялаахыг ургийн урагт захиас болгон үлдээсэн тэр үеэс алтан ургынхны хүрээнд тахигдсаар Бурхан Халдун уулыг тахин шүтэх зан үйл нь Их Монгол гүрний үеэс хаадын төрийн тайлга тахилгын ёслол болон өргөжиж, хожмоо бурханы шашны сургаал зан үйлээр баяжин тахигдсаар ХVII зуунтай золгов.           Монголчууд манжийн эрхшээлд орсны дараа “Бурхан Халдун” нэрээ нууцлан “Хэнтэй Ханы тахилга” нэрээр төр ёсны тахилга хийгдэх болжээ.

Богд хаант Монгол улсын үед 1918 онд зохиогдсон “Зарлигаар тогтоосон Монгол улсын хууль зүйлийн бичиг”-т байгаль хамгаалах асуудлыг өмнөх хуулиудаас илүү өргөн хүрээгээр хамарч тайж тахих ёслолыг хуульчлан тогтоож өгсөн байдаг.

Хууль зүйлийн бичигт: Бидний монголчууд язгуураас эрхлэн тахигласан шашныг тэтгэгч Их Богд хан хайрхан уул, Хан Хэнтий уулын тэнгэрийг жил бүр зун, намар хоёр цагт хуучин удаагаар тайлгагтун. Тайлгах удаа бүр хэрэгсэх үхэр хонь, дарс, боорцог, идээний зэрэг зүйлийг Халхын дөрвөн аймаг урьдаас зарлан бэлд, Дотоодын яамнаас тайх өдрийг тогтоон айлдсаны хойно зарлигаар тайх бичгийн үг зохиож шар цаасны эвхмэл үйлдэж дээрээс уулын тэнгэрт өргөх, сум, хүж, торгыг Сангийн яаманд тушааж бэлдүүл.

Уулын тэнгэрийг тайлгахад таван яамны дэд сайдаас нэгэн хүнийг жасаалан гаргагтун хэмээсэн байна. Хан Хэнтий уулын тэнгэрийн тайлгад хэрэглэх бөс, гэр, ачлага тэмээ, хүнс, уналгын морь зэргийг дөрвөн аймгаас бэлтгэдэг байжээ. Хэрэглэх зүйлсийг тоочсон бичигт: цоохор гэр 2, цагаан гэр 1, майхан 15, унах морь 82, ачааны морь 10, морьтой улаач 39, хомтой тэмээ 2, хүнсний хонь 9, тайлгад хэрэглэгдэх зумын хонь 25, үхэр 4, шар цай 4040 боодол, жимс 40 жин, архи 80 жин, цагаан идээ 6 шуудай, айраг 18 хөхүүр гэх мэт цэс үйлдэн бичжээ.

  • 1925 онд Улсын II их хурлаас тахилгын ёсыг хориглосон тогтоол гаргаснаар энэ зан үйл олон жил тасарчээ.
  • Монгол Улсын Засгийн газрын 1992 оны “Дархан цаазтай газар, байгалийн үндэсний цогцолборт газар болгож тэдгээрийн хилийн цэс, хамгаалалтын горимыг батлах тухай” 31 дүгээр тогтоолоор Хэрлэн, Онон, Туул, Минж голуудын эх авсан Хэнтийн нурууны төв хэсгийг хамарсан газар нутгийг дархан цаазтай болгож “Хан Хэнтийн дархан цаазтай газар” гэж нэрлэв. Үүнтэй холбогдуулан Хан Хэнтийн дархан цаазтай газрын хамгаалалтын захиргааг байгуулав;
  • 1995 онд түүхэн уламжлалыг сэргээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн 110 дугаар зарлигаар “Богд Хаан хайрхан, Хан Хэнтий уул, Отгонтэнгэр уулыг” төрийн тахилгатай уул болгов;
  • 2010 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн 203 дугаар зарлигаар “Бурхан Халдуны тухай” Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн газар нутгийн байгалийн болон соёлын хосгүй гайхамшигт үнэ цэнийг тодорхойлж дэлхийн өвд бүртгүүлэх санал боловсруулах ажлыг эхлүүлэв.
  • 2013 оны Монгол Улсын Засгийн газрын 364 дүгээр тогтоолоор Бурхан Халдун уулыг Үндэсний бахархалт хайрханаар зарлав;
  • 2017 оны Монгол Улсын Их Хурлын 20 дугаар тогтоолоор “Хэнтий Хаан уулын нэрийг өөрчлөх тухай” Бурхан Халдун уул гэж өөрчлөв.

ДЭЛХИЙН ӨВ-БУРХАН ХАЛДУН УУЛ, ТҮҮНИЙГ ХҮРЭЭЛСЭН ТАХИЛГАТ ГАЗАР НУТАГТ ХОЛБОГДОХ ҮНДЭСНИЙ ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ

Дэлхийн өв-Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг нь Хан Хэнтий улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын бүстэй ихэнх хэсэг нь давхацдаг бөгөөд тухайн бүс нутагт Соёлын өвийг хамгаалах тухай хууль, Улсын тусгай хамгаалалттай газрын тухай хуулиудын хамгаалалтын дэглэмийг дагаж мөрдөх ёстой.

  1. СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬ:

38.1.1 түүх, соёлын дурсгалт газар түүний орчны бүсэд дэд бүтцийн барилга байгууламж барих, уул уурхай, газар тариалан эрхлэх, үйлдвэрлэл явуулах;

38.1.3 хуульд зааснаас бусад тохиолдолд нийтийн өмчийн түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр өөр байгууллага, орчинд шилжүүлэн хадгалах, зөөж тээвэрлэх, хөдөлгөх;

43.1.2 ашигт малтмал эрэх, хайх, ашиглах;

43.1.3 мод, элс, хайрга, чулуу авах зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөх;

44.1.1 ашигт малтмал эрэх, хайх, ашиглах;

45.3.1 газар, түүний хэвлийг хөндөх;

45.3.5 онцгой байдал үүссэнээс бусад тохиолдолд өөрөө явагч хэрэгсэл нэвтрүүлэх, нисэх онгоц буулгах;

45.3.6 малтмал эрэх, хайх, ашиглах;

45.3.7 мод, элс, хайрга, чулуу авах.

  • ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ТУХАЙ:

12.1 газар хагалах, ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, элс, хайрга чулуу авах, мод, зэгс, шагшуурга бэлтгэх, хязгаарлалтын бүсээс бусад газарт зам тавих зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөх;

12.3 энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 4-т зааснаас өөр зориулалтаар ан амьтан агнах, барих, үргээх, тэдгээрийн үүр, ичээ, нүх, ноохойг хөндөх, эвдэж сүйтгэх;

12.5 энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д зааснаас өөр барилга байгууламж барих;

12.6 хөрс, ус, агаар бохирдуулах аливаа үйл ажиллагаа явуулах;

12.7 тухайн газрын хамгаалалтын захиргааны зөвшөөрөлгүйгээр нохой дагуулж, буу авч явах;

12.10 нуур, мөрөн, гол горхи, булаг, шанд зэрэг ил задгай усыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах;

24.2  Дурсгалт газар дахь байгалийн болон түүх, соёлын дурсгалт зүйлээс О,1-З,О км-ийн орчимд сүр бараа, үзэмжийг нь дарах барилга байгууламж барих, газар хагалах, ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, байгалийн болон түүх, соёлын дурсгалт зүйлийг хөндөх, эвдэх, буулгах, тэдгээрт хохирол учруулахуйц бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

Total Page Visits: 395 - Today Page Visits: 2

You may also like