Монголчууд Манж чин улсын засгаас салж, Богд хаанаа ширээнд залж, төр улсаа байгуулан, харьяат улсын доторхи аймаг, хошууны нутгийн зургийг 1913 онд үйлдсэн байдаг. Олноо өргөгдсөн Монгол улсын үед үйлдсэн энэхүү зураг нь газрын зураг үйлдэж ирсэн хуучин уламжлалын дагуу аймаг, хошууны нутгийн хил, нутгийн доторхи уул, ус, гол мөрөн, элс манхан, нуур цөөрөм, тэдгээрийн байршил, хошууны гол хүрээ хийд, тахилгат овоо, зарим өртөө, хилийн харуул зэргийг тусган тэмдэглэсэн байдаг. Мөн Сэцэн хан аймгийн Далай дархан гүн Барайширын хошуунаас тахилгатай газруудыг тодорхойлон үйлдсэн бичигт Бурхан Халдун уул, түүнийг тойрсон олон уул ус, рашаан булгууд оржээ. Бичигт дурдсанаар, Халхын монголчууд сүсэглэсээр бүхий Хан Хэнтий хайрхан уул, мөнхүү уулнаас залгагдсан Дуулгат Ян, Илүүрийн гол, Онгон уул, Тайж Цагаан, Гурван Ах нар, Хэрлэн гол, хойд этгээд Дуут Ян уул, Онон гол бас рашаан булаг, Дэрс голын шинэ рашаан булаг, өмнө этгээд Баатар жанжин, Босго тэнгэр, Бүрэн Гоцох хайрхан, бас нутгийн баруун этгээд Эрдэнэт хайрхан уул, зүүн этгээд Тэнүүн голын эх Буяныг ундруулагч хайрхан уул, зүүн өмнө этгээд Элгэн голын эх, Шар Өндөр, Саруул хайрхан уул, өмнө этгээд Зоргол, Хар Хээр хоёр ам, голын эх, Ямшид Марбу, Норовдадал хайрхан уул, Ногоон нуруу хайрхан уул, Хар хургат рашаан булаг зэрэг нэр бүхий онгон хайрхан уул, гол рашаан булгийг жил бүр харьяат засгийн газраас олон түшмэл, тайж, ардыг авч хоёр удаа тахиж тавиад сүслэхийн дээр, тус хошууны хийд сүмийн хуврагуудын эрхлэн тахиж шүтэх уул нь Цогт өндөр, Буян төгс, Дашрив, Баянзүрх, Өлзийт овоо зэрэг онгон ууланд сан бумба дарж ихэд сүслэн тавигласаар буй хэмээн тэмдэглэжээ. Бурхан Халдун уулыг хүрээлсэн эдгээр тахилгат уул усны зан үйл мартагдан бүдгэрчээ. Өдгөө Бурхан Халдун уулын тахилгад оролцох шүтлэгтэн, мөргөлчид Хэрлэн голоо өгсөн, “Дээд цагаан арал”, “Гурван хориуд”-ын дэргэдүүр, “Үүд мод”-ыг дайрч, “Босго тэнгэрийн даваа”-г даван, Богдын голыг өгсөн явсаар Бурхан Халдуны Бэлийн овоонд хүрч тайлга тахилгаа хийж байна.Хан Хэнтийн УТХГ-ын хамгаалалтын захиргааны дарга Б.ХАШМАРГАД

Total Page Visits: 254 - Today Page Visits: 1

You may also like