1. Дэлхийн өв-Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг нь Төв аймгийн Мөнгөнморьт сум, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Батширээт сумдыг дамнан оршдог.

Хэнтий аймгийн Батширээт сумын Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч Цэндийн Ичинхорлоог танилцуулж байна. Тэрээр морь уях, сойх, уралдуулах, эдэлгээнд сургах эрдэм мэдлэгийг эзэмшсэн.

2. Хэнтий аймгийн Батширээт сумын Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч Банзрагчийн Ганболдыг танилцуулж байна. Тэрээр Уламжлалт анагаах ухааны нэг
төрөл ургамлын зүйлээр анагаах арга ухааныг эзэмшсэн хүн юм.

 

 

УУЛ ОВООНЫ ТАХИЛГЫН ЗАН ҮЙЛ

Тахилга хийх. Тахилгын зан үйлийг тогтсон дэг жаягийн дагуу хөтлөн явуулдаг хүмүүс байна. Тэднийг овооны эзэн, овооны дарга, овооны бошго гэх мэтээр газар, газарт өөрөөр нэрлэдэг ч ерөнхий утга нь тахилгыг удирддаг хүмүүс юм. Тахилгын хөтөч нь нутгийн нэр хүндтэй ахмад настан, шашны хийдийн толгойлогч лам, бөө удган зэрэг хүмүүстэй ярьж, овоо тахих цаг хугацааг тогтооно. Сар өдрийг тогтоохдоо зурхайн ёс, уламжлалт тэмдэглэлт өдөр зэргийг харгалзан үздэг. Зурхайд бууснаар билгийн тооллын сар бүрийн тогтсон өдрүүдэд лус нь бууж, буцдаг бөгөөд үүнийг лусын буулттай, буцалттай өдөр хэмээн нэрлэдэг. Харин үхэр сар буюу өвлийн адаг сард лус ичдэг хэмээдэг бөгөөд энэ нь лусын буултгүй байдагтай холбоотой. Лусын буулт буцалтын талаар олон ойлголт байдаг харин үхэр сард холбогдох энэ ойлголт адил байдаг. Зөвхөн лусын буулттай өдөр л уул овоо тахих, лусын бумба дарах, лусын сан тавих, лусыг тахихад өлзийтэй өдрийг сонгон тахилга болох талаар олон түмэнд зар түгээнэ. Тахилга болох өдрийн “өглөө нар гарахаас өмнө тахилгад оролцогчид овоо руу хөдөлнө”. Бүх хүн “идээ будаагаа базааж”, “гоёлын хувцсаа өмсөн”, “үр хүүхдээ дагуулан” ихэд хүндэтгэлтэйгээр оролцоно. Энэ нь хүүхдүүдэд дэг ёсыг өвлүүлэн уламжлуулах, дагаж хүндэтгэх бусдаасаа суралцах, үндэсний ёс, зан үйл мэдэж авах гол арга нь болдог.Товлосон өдөр лам хуврагууд овоон дээр ирнэ. Овооны гол модноос олон өнгийн дарцаг, хадаг самбай уяна. Гол овооны дэргэд газрыг засч цагаан өнгийн даавуу дэлгэн түүн дээр овооны эзэн сахиусны бүтээсэн дүрийг зална. Сахиусны дүрийг гар урлалын аргаар зурж, сийлж, оёж хийсэн байна. Тэдний өмнө тахилын зүйлс тавина. Хүндэт зочин овооны баруун хойд талыг барьж сууна, үүнд өндөр настан голдуу байна. Уул овоог тахих зарлигийн бичгийг төрийг төлөөлж оролцож байгаа түшмэл уншина. Овооны зүүн хойд талд лам нар сууна. Уншлага үйлдэх лам нар гурваас дээш олон тоотой байна. Эдгээр ламыг сүмийн толгойлогч мяндагтан томилон оролцуулна. Тахилгад уншдаг судар ном болон тухайн ууланд зориулсан сан судрыг тэр нутгийн хамгийн дээд номтой, сүм хийдийн цол хэргэмтэй, тахилга хийхэд дадаж мэргэшсэн лам нар болон судрыг сайн мэддэг ахмад настангууд уншина. Овооны өмнө наран ургах зүгт тахилгын зүйлс болох цагаан идээ, шүүс, өрөм, тосоо өрж бэлтгэнэ. Арц, агь, ганга ариун үнэртэн уугиулна. Сангийн утлагад хамгийн эрхэмлэн үздэг үнэртэн бол арц, даль агь хэмээн номлосон байдаг. Газрын эздийг урин магтаж, эл газарт морилон ирж, ивээл хайраа үзүүлэхийг наминчилан гуйна. Оролцогчид залбиран “Тал дүүрэн адуу, тэмээ, хот дүүрэн хонь, үхрийн хишиг хайрламуй” хэмээн хишиг буян хурайлан дуудаж, хүсэл даатгалын үгсийг хэлнэ. Үүнд: сэтгэлдээ хаана явсан хаана суусан газарт минь өвчин зовлон, тахал томуу, гай гарз, ган зудгүй, худал хуурмаг, хулгай дээрэмгүй, хорт араатны  хорлол хөнөөлгүй, гал түймэр, хяруу мөндөр, үер ус, салхи шуурганы аюул тэргүүтэн, элдэв харшлах гамшиг хөнөөлөөс авран, ахан дүүс, аймаг хотлоороо өвчин зовлонгүй, мал сүрэг өсөн арвидаж, тариа ногоо цагтаа боловсрон, өлзийтэй сайн билгийг өршөөн соёрхохыг газар усны эздэд даатган хүсдэг байна. Буян хишгийг дуудан ирүүлэх даллагын сум тэнгэрт илгээж, малчид мал сүргээ өсч, олшрохыг бэлгэдэн мал сэтэрлэнэ. Сэтэрлэсэн мал эдэлгээнд  хэрэглэгдэхгүй, дархлагдана. Үүний дараа лусын хаад, бусад тэнгэрийг урин залж, хамаг амьтны тусын тулд буян хишгээ хайрлахыг ерөөдөг байна. Тахилгын дараа бүх оролцогчид уулын бэлд бууж овоо тахилгын бэсрэг наадам хийж, дуу хуур, ерөөл магтаал өргөж, уул усны эздийг баясгана.

Монголчууд цагаан сараар эхэлж уул овоондоо гардаг. Энэ нь ургах нар, уулын эзэн, байгаль дэлхийтэйгээ эхлэн золгочихоод дараа нь ах дүүс, хол ойроос ирэгсэд амар мэндээ мэдэлцэн золгодог байна. Тахилгат газрууд нь тухайн үндэстэн, ястан, орон нутгийн болон бүлэг хүмүүсийн сүсэглэн залбирдаг шүтээн, омог бахархал нь болдог. Тахилгат газар нутаг нь тухайн үндэстэн, нутгийн ард түмнийг нутаг усаа хүндэтгэн хамгаалахын төлөө эвсэн нэгдэх гол хүчин зүйл болж, ард иргэдэд эвтэй найртай, хамтач, тусч сэтгэлээр энх амьдарч аж төрөхөд нөлөөлөх чухал ач холбогдолтой билээ.

Овоо босгон тахих ёсон.Бурханы шашны ёсоор овоо босгохын тухайд хэд хоногийн өмнөөс урьдчилан газраа сонгон шинжиж, тухайн хошууны ноёд, захирагч нарт айлтгал мэдүүлж зөвшөөрөл авдаг байжээ. Лус савдаг, онгод тэнгэрүүдэд сан тахил өргөн, нутаг газраа ариусгахын тухайд “Газрын эзний усан балин” (Савдаг чавдор), “Гурван хувьт” (Часүм), “Тотгорын балин” (Гэгдор) номыг уншиж, цагаан зүгийн үйлс бүтээхэд хань нөхөр болохыг гуйж, хар буруу зүгийнхнийг үлдэн хөөх зан үйлийг үйлдэнэ. Богд Зонховын айлдсан “Тарнийн зэрэг” (Агрим) болон газрын зан үйлийн бусад олон ном судруудаас номлосон мэт газраа ухаж, Нагаража (Лүванжалбу) бурхны хумхыг бүтээж, газартаа суулгана. Овоогоо босгохоос өмнө сан тавин “Долоон гишүүнт” (Янлагдүнба), “Арван зүгийн харанхуйг арилгагч” (Чогжүмүнсэл), “Өлзий хутгийн тусыг бүтээгч” (Дашдондов), “Уужим их балгад” (Ямбыдончир), “Билгийн зүрхэн” (Ширнэн), “Огторгуй газрын найман гэгээн” (Намсананжад), “Өлзий хутаг давхарласан” (Дашзэгва), “Алтан судрын дусал” (Сэржидотиг), “Лусын эрхийг дүүргэх” (Лүвангон) хэмээх ном судрыг сүслэн айлдана. Үүний дараа шашин номыг тэтгэгч бурхан сахиусуудад балин тахил өргөж, “Зуун балинт” (Дормажарза), “Лусын балин” (Лүдор) зэрэг номыг айлтган үйлсээ даатгана. “Овоо үүдэхийн зан үйл сэлт оршив” хэмээх сударт: “Эдүгээ овоо босгохуйн ёсон ийм буюу, хуяг саадаг, нум сум, жад илд орох буй, хуш модыг таллаж, урт нь гурван тохой, түүнд Ямандаг, Махагала, Охин тэнгэр, Очирваань эдний зүрхний тарнис хорин нэжгээд бичиж, эрээн хивээр ороогоод дундад гол хийтүгэй. Нэгэн цагаан балин хий. Найман шивдаг хий, 12 жил хий, нэг сайн бүргэд өдтэй суман, нэг эн торго, эрээн хив, долоон улаан сувд, оюу, номин, хув, дун, явуу, таван өнгө торго, гурван амттан тос, тараг, сүү, бал бурам, үзэм чихэр, чавга, элдэв жимс, зургаан эм тэргүүтэн, лусын эмүүд орох буй. Нэг их хангарьд шувууны бие хийн үүдэж дундад голын орой дээр хатга, түүний гадуур 21 өчүүхэн шувуу хий. Эрдэнийн бумба ба эс бөгөөс сайн шавар лонхонд тэр олон эрдэнийн зүйл, гурван амтат элдэв эм ба олон тарианы үрс тэргүүтэн хийж, амсрыг таван өнгийн хивээр боогоод, хортны эр эм арга билгийн хүрднийг талбиж, нар ургах зүг лонхны амсрыг өчүүхэн хэлбийлгэж талби” гэх мэтээр овоо босгох үйл явц, дэс дарааллыг нэг бүрчлэн тоочсон байна.Хан хүний овоог өндөр уулын оргил, тойд лам ба ноёдын овоог газрын дээр дэвсэгт, харц хүний овоог хөтөл газарт босгодог бөгөөд “Өмнөө устай, газрын тусвар цогцолсон ба, олон уулын хошуу нийлэх мэт, энд тэндээс илт үзэгдэх мэт, харуул харсан мэт, өглөгийн эзний махбод лугаа харш бус мэт, олон зам энд тэндээс ирэхүй ихэс аран ба олон улсын чуулах мэт, ямагт тийм газар овоо босговол үлэмж сайн” гэж дурдсан байна. 

 Дүүрэнжаргал А. Нар Монголын тахилгат газар нутаг, УБ.,2009 13-р тал

 Овоо үүдэхийн зан үйл сэлт оршив. ҮНС, гар бичмэлийн сан хөмрөг 5109/96 байршил

Амин мод (Срогшин)-д гол модоо босгож түүнийг алсаар тойруулж чулуу болон тоосгыг зэрэглэн дүгрэг хэлбэрээр тойруулаад, арц тэргүүтэн анхилам үнэртэн, арвай, буудай тэргүүтэн үр тарианы зүйл, үр самартай шилмүүстэй мод зэргийг дүүртэл хийнэ. Тоосго буюу чулуугаар зэрэглэсэн суурь хүрээгээ нар салхи, бороо усанд эвдэрч хэмхрэхгүй бөх бат аргаар үйлдэн дээш нь овоолж үзэсгэлэнтэй бөгөөд сүр жавхлантайгаар сүндэрлүүлнэ.

Сүмбэр овоог дан ганцаар болон баруун, хойд, зүүн зүгт дөрөв дөрвөөр жижиг овоо босгон арван гурваар ихэвчлэн үйлдэх ёс байдаг. Мөн босгосон овоондоо бэлгэ дэмбэрлийг бодолцон нэр өгөхийн зэрэгцээ тухайн овоо босгосон уулын хэлбэр тогтоц, байр байдлаар нь ч нэр өгөх ёс байдаг. Жишээлбэл: Өлзий хутгийн цог бадрах (Дашбалбар), Эрдэнийн сүмбэр уул (Ринчэнлхүнбү), Өлзий хутгийг хуйлруулах (Дашичил), Зэндмэнь овоо гэх мэт төвд үгээр нэрлэсэн нь уул овооны тогтсон нэр болсон байдгийг дурьдаж болох юм. Тухайн овооны нэрийг цагаан торгонд бичээд суманд уяна. Мод эсвээс арц агь тэргүүтнээр урласан шувууны дүрсийг дадарт байгуулаад дээр нь шүхэр, нар, сар, дог сэлтийг үзэмжтэй сайхнаар чимж, тогтвортой байрлуулж, өдрийн сайныг сонгож, шинийн сайныг шилж, бурханы гол амин мод мэт сайтар оршил буюу равнай өргөдөг.

Бас овоог дөрвөн үйлс хэмээн нэрлэдэг амирлуулах, дэлгэрүүлэх, эрхэнд хураах, хатуу үйлийн үүднээс даржан буюу хиурын дээр орон газарт өлзийтэй сайн шүтэн барилдлага, нас буян, эд таваар тэргүүтнийг арвижуулан дэлгэрүүлэхийн тухайд тогтоолго тарни сэлтийг судар номын ёсоор бичиж мандуулдаг. Амирлуулах үйлс нь амьтан бүгдийг өвчин ад, хулгай дээрэм, дайсан тотгор зэргийн хорлолыг амирлуулж, аюул хөнөөлөөс авардаг. Дэлгэрүүлэх үйлс нь нас буян, хийморь цог заль, эд агуурс, яруу алдар зэргийг дэвжээн дэлгэрүүлдэг. Эрхэнд хураан цуглуулах үйлс нь есөн цагаан хүслийг ёсоор нь арвитгах, олон хүмүүн, нөхөд, эд таваар, хэрэгтэй зүйлийг өргөн олноор нь хураан арвижуулдаг. Хатуу үйлс нь хорлол тотгор, хараал зүхэл, дайсагнал, уур өшөөрхөл зэрэг үйлийг хатуугаар хариулж цээрлүүлэхээр зохиодог.

Уул усны эздийн тухайд

Хээрийн судалгаагаар ардын аман зохиол тахилгын зан үйлтэй холбогдох ховор нандин баримт олон тэмдэглэгдсэн бөгөөд эдгээр нь голчлон домог хууч яриагаар илэрч  уул, усны эзэд, лус, савдгуудтай холбогддог онцлогтой байлаа. Уул овоо тахих нь тухайн газрын эздийг  тахих гэсэн ойлголтыг агуулдаг. Монгол орны тахилгат газар бүр өөрийн гэсэн эзэн сахиустай. Тахилгын зан үйлийн  үндсэн агуулга нь  уул усны эзэн сахиус болон тэнгэрүүдийг урин дуудаж баясгаад ивээл хайрыг нь хүртэх үндсэн санааг илэрхийлдэг. Монгол орны ихэнх тахилгат газрын эзэд нь хүний дүрээр илэрхийлэгддэг,  тэдгээр эзэд юунд дуртай, юунд дургүй, амьд ахуйдаа юу хийж, хаагуур нутаглаж явсан тухай ард түмний дунд домог болон ам дамжин яригддаг.

Тухайлбал: Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Мөнххаан уулын савдаг нь Ажнай хурдан хилэн хар хүлэгтэй, тэргүүндээ аянгын дуулга өмссөн, биедээ шар ширэн хуяг асаасан, хөлдөө урт түрийт саарин гутал жийсэн, барс саадагтай, ирвэс хормосогтой, бэлхүүсэндээ мэс илд зүүсэн, гурван үет хулсан ташуур барьж, толгойдоо харцгай шувуу нисгэсэн баатар эрийн дүрээр буудаг хэмээн уулын эзний гадаад байдлыг яруу тодоор дүрсэлжээ.

 ЮНЕСКО-гийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн “Хүн амьд эрдэнэ” төслөөр Дорнод, Сүхбаатар аймагт ажилласан хээрийн судалгааны тайлан. УБ.,2008, 13-р тал

Уул усыг нэрээр нь дууддаггүй, гараар заадаггүй  ёс эрт үеэс уламжлагдан ирсэн. Тухайн уул усыг “хайрхан”, “ээж”, “аав”  хэмээн хүндлэн дуудах буюу уул усны эздийг “эзэн”,  “савдаг” хэмээх ерөнхий нэрээр нэрлэж заншсан байна.