Монгол нутагт хэдэн мянган жилийн өмнөөс хүн амьдарч байсан олон үеийн түүхийн дурсгалыг хадгалж үлдсэн газрын нэг бол Бурхан Халдун уулын салбар тахилга шүтлэгт Биндэр уул, түүний ойр орчмын газар нутаг билээ.
Эртнээс энэ нутагт нүүдэлчид, монголчуудын өвөг дээдэс нутаглан, мал сүргээ өсгөн аж төрж, тэнгэр, газар, уул, усаа тахин шүтэж, өтгөс настнаа нутаглуулсаар өнөөг хүрсэн. Биндэр уулын ойр орчмын газар нутаг өнөөдөр ч нүүдлийн мал ахуй, соёл иргэншил жинхэнэ сонгодог утгаараа амьд уламжлал болон хөгжиж байгааг нотлон харуулж байгаагаараа онцгой үнэ цэнэтэй юм.
Биндэр уул бол нүүдэлчин овог аймгуудын шүтээн газар байсныг түүний орой болон бэлд байх эртний шүтлэгт Биндэр овоо, Дайчин хэмээх уулын аманд байдаг Өглөгчийн хэрэм, энэ газруудын эргэн тойронд орших булш оршуулгууд, Рашаан хадны олон үеийн түүх, соёлын цогцолбор дурсгал, Хурхын хөндийн булш хирэгсүүр, буган хөшөөний дурсгалууд бүрнээ гэрчилдэг билээ. Биндэрийн овооны дэргэд байдаг Рашаан хад нь эртний чулуун зэвсгийн үеэс өнөөг хүртэлх Монгол нутаг дахь хүний нийгэм, улс гүрнүүдийн түүхийн олон үеийн учир холбогдлыг илтгэн харуулах түүх-соёлын цогцолбор дурсгалт газар юм. Одоогоор Рашаан хад шиг түүх археологийн олон үеийн дурсгал нэг дор олдсон дурсгалт газар Монгол оронд өөр хаана ч илэрч мэдэгдээгүй байна. Рашаан хадны орчмоос хуучин, дунд, шинэ чулуун зэвсгийн үеийн эртний хүмүүсийн суурин, эд өлгийн зүйл, чулуун зэвсгүүд олноор илэрсэн. Энд хүрэл зэвсэг, хүннү, кидан, монгол гүрний үед холбогдох булш, буган болон чулуун хөшөө хэдэн зуугаар байна. Хадан цохионуудад палеолитын үеэс эхлэн дундад зууны үед бүтээсэн хадны сүг зургууд бас байна.
          
Рашаан хаданд дунд чулуун зэвсгийн үе, МЭӨ 12000- МЭӨ 7000 жилийн тэртээ хаднаа сийлж үлдээсэн монголчуудын өвөг дээдсийн хэдэн зуун тамга байгаа нь сонирхол татна.
Судалгаанаас үзвэл Рашаан хаднаас давхардсан тоогоор 170 орчим төрлийн 400 гаруй овгийн тамга мэдэгдэж илэрснээс олонхи нь монгол нутагт оршин тогнож байсан эртний овог, аймаг, улс гүрнүүдийн тамга тэмдэг ажээ.
Рашаан хаднаа Орхон бичээс буюу эртний Түрэг Уйгурын руни, Кидан, Монгол, Хятад, Перс, Түвд зэрэг бичгээр бичсэн хэд хэдэн үндэсний бичээс арав гаруй газар хадгалагдан үлджээ. Монголын түүхтэй холбоотой олон үндэстний бичиг үсэг бүхий дурсгал ийнхүү нэг газар төвлөрч олдсон нь ховор бөгөөд энэ нь олон янзын үндэстэн ястан мандан мөхөж байсан Зүүн Хойд Азийн түүхийг судалж тодотгоход чухал түлхүүр болдог.
Рашаан хад нь нэн эртнээс дундад зууны үе хүртэл Монголын дорнод хэсэгт эртний соёл, тахилга шүтээний нэгэн төв газар болж байсныг дээрх түүх археологийн баримтууд бэлхнээ нотлон гэрчилж байна.
Хэнтий аймгийн Батширээт сумын нутагт Биндэр уулын баруун хойно Дайчин уулын энгэрт байгалийн чулуугаар өрж барьсан 3 км орчим урт хэрэм бий бөгөөд түүнийг “Өглөгчийн хэрэм” хэмээнэ. Монголын нэрт археологич Х.Пэрлээ малтлагаас гарсан олдворуудыг үндэслэн Киданы үеийн хэрэм гэж түүхэн он цагийг тогтоосон юм.