“Монголын нууц товчоо” (МНТ)-нд олонтоо дурдагддаг “Бурхан халдун” уул бол монгол нутаг дахь тахилгат газар нутаг, тахилгын зан үйлийн уламжлалын эрт, дундад үеийн тод жишээ төдийгүй өдгөө ХХ зуунд монгол төрийн хэмжээнд тахигдаж байгаа их шүтээн уул юм.

Энэ уул нь Монгол орны зүүн хойд хэсэгт Хэнтий нурууны төвд, Их Хэнтийн нурууны салбар уулсын  дунд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт, Төв аймгийн Мөнгөнморьт сумаас 90 км зайтай, д.т.д 2362 м өндөрт оршино.

“Монголын Нууц Товчоо”-нд “Чингис хааны язгуур, дээр тэнгэрээс заяат төрсөн Бөртэ чоно гэргий Гоо маралын хамт тэнгис далай гаталж ирээд, Ононы эх Бурхан Халдун ууланд нутаглаж…” хэмээн эхэлдэг. Бөртэ чоно бол VIII зууны үеийн хүн гэж судлаачид үздэг. Чингэвэл, Бурхан Халдун уулын нэр 1200-гаад жилийн өмнөх үйл явдал түүхэнд тэмдэглэгджээ. Бурхан Халдун уул Добу мэргэний үед тахилгатай байсан гэвэл энэ нь Х зууны үеийн үйл явдал болж байна. Энэ талаар Монголын Нууц Товчоонд Хорилардай мэргэн хорь түмэдийн нутгаас “Бурхан Халдуны эзэд бурхан босгосон Шинчи баян урианхайд нүүж айсуй ажгуу” гэж эхэлдэг. Энэ нь Бурхан Халдун нь эзэнтэй, савдагтай, босгосон шүтээнтэй хайрхан уул болохыг хэлж байгаа бөгөөд уул усны эздэд зориулан шүтээн босгон тахидаг ёс эрт үеэс уламжлагджээ.

“Монголын нууц товчоо”-нд Тэмүжин Гурван мэргэдээс Бурхан Халдун уулын эздийн ачаар амь гарч өвөг дээдэс болох Бодончорын үеэс тахиж шүтэж ирсэн Бурхан Халдун уулаа манагар бүр мялаахыг ургийн урагт захиас болгон үлдээсэн.

Энэ тухай МНТ-д Тэмүүжин өөрөө Бурхан Халдун дээр бууж өвчүүгээ дэлдэж залбиран өгүүлрүүн:

Өшөөт дайснаас

Өршөөн аварч

Өнчин бидний

Өмөг болсон

Өндөр дээд

Бурхан халдун чамайг

Өглөө бүр мялааж байя!

Өдөр бүр тахиж байя!

Үрийн үрд

Үүрд тахиж

Үе тутам

Үргэлж шүтье!

Гэж бүсээ хүзүүнд эрих мэт өлгөж, малгайгаа гарт сэгэлдэрч, гараар өвчүүгээ дарж, наран өөд хандаж, Бурхан Халдун ууланд есөнтээ сөгдөж, өчил өчин, сацал сацсан

тэр үеэс алтан ургынхны хүрээнд тахигдсаар ХVII зуунтай золгон, Монголчууд манжийн эрхшээлд орсны дараа 1878 оноос “Бурхан Халдун” нэрээ нууцлан “Хэнтэй Ханы тахилга” нэрээр төр ёсны тахилга хийгдэх болжээ. Тухайн үеэс эхлэн Ар Монголын Их хүрээнд суусан манж сайд эрхлэн, халхын Түшээт хан, Сэцэн хан аймаг, Их шавийнхан хамтран жил бүрийн хавар, намарт хоёр удаа Бурхан Халдуныг тахидаг болжээ. Монголын Үндэсний Төв Архивт хадгалагдан буй баримт бичигт дурдсанаар, тахих удаа бүр хэрэглэх үхэр, хонь, дарс, боорцог, идээний зэрэг зүйлийг Халхын дөрвөн аймаг урьдаас бэлдэж, Дотоодын яамнаас тайх өдрийг тогтоон айлдсаны хойно зарлигаар тайх бичгийн үг зохион, шар цаасны эвхмэл айлтгаж, дээрээс уулын тэнгэрт өргөх сум, хүж торгыг Сангийн яаманд тушааж бэлдүүлдэг байв.

Хэнтэй Хан уулын тэнгэрийг тайхуй дор дэд сайд мордохуйд зарлигийн бичиг үүрч залах, өмнө удирдах хоёр, хажууд жагсан явах дагалт дөрвөн хүнийг дагалдуулах. Зарагдсан сайд, тайх лам нарт авч ёслон мөргөдөг байжээ. Уулын тэнгэрийг тайхад Нийслэл Хүрээнээс цорж лам нарыг гаргахад хэрэглэх бөс гэр, ачилга тэмээ, хүнс уналгын зэргийг дөрвөн аймгаас бэлтгэн өг. Уналгын морийг мөнхүү уулын сүргээс нийлүүлэн хэрэглүүлэхээс гадна гагцхүү тахил, бэлэг, зул, хүжийн зүйлийг урьд ёсоор ламын сангаас гаргуулагтун. 1910 онд Хан Хэнтийг тахихад Хүрээний манж сайд түшмэдэд цоохор гэр 2, цагаан гэр 1, майхан 15, унах морь 82, ачааны морь 10, морьтой улаач 39, хомтой тэмээ 2, хүнсний хонь 9, тайлгад хэрэглэгдэх зумын хонь 25, үхэр 4, шар цай 4040 боодол, жимс 40 жин, архи 80  жин, цагаан идээ 6 шуудай, айраг 18 хөхүүр гэхчлэн тахилгад хэрэглэлийг цэс үйлдэн гаргасан байдаг. Хан Хэнтэйн (Бурхан Халдуны) тахилга тайлга хийх бүрт манжийн хаан тусгай хүжийн зүйл тогтмол ирүүлж, заримдаа бие төлөөлөгч ирүүлдэг ёс 1924 оныг хүртэл үргэлжилжээ.

1990 оноос хойш ардчилсан хувьсгалын нөлөөгөөр үндэсний ухамсар сэргэн, уламжлал, зан үйлээ сэргээн хөгжүүлэх, төрийн бодлогод тусгахын төлөө бүх нийтийн санаачилга хөдөлгөөн өрнөж байгаа нь сайшаалтай юм. 1995 оны 5 дугаар сарын 16-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Богд Хан хайрхан, Хан Хэнтэй, Отгонтэнгэр ууланд тахилга тайлга, үйлдэх уламжлалт зан үйлийг сэргээн хөгжүүлэх зон олны санаачилгыг дэмжсэн 110-р зарлигаа дуулгажээ. Үүнээс хойш 2004 оны 57 дугаар зарлигаар төрийн тахилгат уул болгон, төрийн тахилгын ёслолыг дөрвөн жилд нэг удаа үйлдэж ёслолын арга хэмжээнд Монгол улсын Ерөнхийлөгч биечлэн оролцдог уламжлал тогтоожээ. Энэ бол тахилгат газар нутаг, тахилгын зан үйлийн уламжлалыг төрийн бодлогодоо тусгаж өндөр ач холбогдол өгч байгаагийн илэрхийлэл билээ.

Бурхан Халдуны тахилгын зан үйлтэй холбогдолтой баримт бичиг, тушаал, шийдвэр:

1995 ОНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

БОГД ХААН ХАЙРХАН УУЛ, ХАН ХЭНТИЙ УУЛ, ОТГОНТЭНГЭР УУЛЫГ ТАЙХ УЛАМЖЛАЛЫГ СЭРГЭЭХ САНААЧИЛГЫГ ДЭМЖИХ ТУХАЙ

Монголчууд эртнээс нааш Богд хаан хайрхан уул, Хан Хэнтий уул, Отгонтэнгэр уулыг тахиж ирсэн уламжлалыг сэргээн дээрх уулсыг Зарлигаар тогтоосон Монгол Улсын хууль зүйлийн бичигт заасныг харгалзан эдүгээ цагийн байдалд нийцүүлэн тайх талаар олон түмнээс гаргаж байгаа санаачилгыг дэжмсүгэй.

Хан Хэнтий уулыг тайхад Чингис хааны зарлигийг уламжлуулан дагаж Монгол Улсын Бүх цэргийн хар сүлдийг цэнгүүлэн тайх ёслолыг хамтатган гүйцэтгэх нь зүйтэй гэж үзсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ П. ОЧИРБАТ

2. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

УУЛ ОВООНЫ ТЭНГЭРИЙГ ТАЙХ ТӨРИЙН ТАХИЛГЫН ЁСЛОЛЫГ ҮЙЛДЭХ ТУХАЙ

Монголын ард түмэн уул, овооны төрийн тайлга тахилгын ёслолын өнө эртний ёслолын уламжлалтай билээ. Эрт цагаас Монголчууд уул, овоог шүтэж тахиж байснаас гадна түүхийн сурвалжид тэмдэглэсэнээр 13 дугаар зууны үед Чингис хаан Бурхан Халдун уулыг үрийн үрд тахиж үе тутам шүтэж байхыг зарлиг буулгаж байв. Түүнээс хойш Богд хаан хайрхан уул, Отгонтэнгэр, Хан Хэнтий  уулыг төрийн ёслолын хэмжээнд зарлигаар тахиж байсны дээр Богд хааны зарлигаар Дарьгангын Дарь овоог тахиж байсан байна.

Өвөг дээдсийнхээ өнө эртний энэ сайхан заншил, түүх соёл, иөрт ёсны уламжлалыг баримтлан уул овооны тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолыг   эдүгээ цагийн байдалд нийцүүлэн үйлдэж байх нь зүйтэй хэмээн үзэж Үндсэн хуулийн 34 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг үндсэлэн зарлиг буулгах нь:

 Бурхан Халдун уул, Богд хаан хайрхан уул, Отгонтэнгэр уулын тэнгэрийг тайх, Дарьгангын Дарь овоог тахих төрийн тахилгын ёслол үйлдэх нь зүйтэй хэмээн үзэж дээрх уул, овоог Төрийн тахилгатай уул овоо хэмээн нэрлэсүгэй.

Төрийн тахилгатай овоо, уул бүрийн тэнгэрийг тайх тахилгын ёслолыг 4 жилд нэг удаа үйлдсүгэй.

Төрийн тахилгатай овоо, уулын тэнгэрийг тайх тахилгын ёслолд төрөөс албан ёсоор оролцох оролцоог уг зарилгийн хавсралт журмаар баталсугай.

Тахилгын ёслолын дэг жаяг, ёслолд төрийн бус болон шашны байгууллага, ард иргэдийн оролцоог уул, овоо тус бүрийн онцлогийг харгалзан үзэж журамлан тахилга үйлдэх саналаа тахилгын ёслол болохоос 3 сараас доошгүй хугацааны өмнө Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгын газарт ирүүлж байхыг холбогдох аймаг нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд зөвлөсүгэй.

Энэхүү зарлиг бууж байгаатай холбогдуулан Монгол улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 110 дугаартай зарлигийг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Н. БАГАБАНДИ

3.  МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

ТӨРИЙН ТАХИЛГАТАЙ УУЛ, ОВООНЫ ТЭНГЭРИЙГ ТАЙХ ТАХИЛГЫН ЁСЛОЛЫН ЖУРАМ

“Монгол улсын ерөнхийлөгчийн тухай ” хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан ЗАРЛИГ БОЛГОХ нь:

“Төрийн тахилгатай уул, овооны тэнгэрийг тайх тахилгын ёслолын журам”-ыг хамсралтаар баталсугай.

Энэ зарлиг гарсантай холбогдуулан Монгол улсын ерөнхийлөгчийн 2004 оны 57 дугаар зарлигийн 3 дахь заалтыг хүчингүй болгосонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц. ЭЛБЭГДОРЖ

4. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

ТӨРИЙН ТАХИЛГАТАЙ УУЛ ОВООНЫ ТЭНГЭРИЙГ ТАЙХ ТАХИЛГЫН ЁСЛОЛЫН ЖУРМЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Уул, овооны тэнгэрийг тайх төрийн тахилгын ёсоор Монголчуудын өнө эртний зан заншил, түүх соёл, төрт ёсны уламжлалд нийцүүлэн үйлдэж байх нь зүйтэй хэмээн үзэж Үндсэн хуулийн гучин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ:

Төрийн тахилгатай уул, овооны тэнгэрийг тайх тахилга ёслолын журмыг хавсралтаар баталсугай.

Энэхүү зарлиг гарсантай хобогдуулан Монгол улсын Ерөнхийлөгчийн 2004 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 57 дугаар зарлигийн хавсралтыг хүчингүй болгосонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц. ЭЛБЭГДОРЖ

5. ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

БУРХАН ХАЛДУНЫ ТУХАЙ

Хан Хэнтий нурууны Бурхан Халдун уул бол Монголчуудын их түүх, эзэн Чингисийн намтар цадигт холбогдолтой үйл явдлууд өрнөж байсан түүхэн газар нутаг, байгалийн унаган төрхөөрөө байгаа үзэсгэлэнт сайхан хайрхан билээ.

Бурхан Халдун хайрханы байгалийн унаган төрх, Монголын түүх, соёлын дурсгалыг хадгалан хамгаалах зорилгоор эрдэмтэн судлаачид, иргэд, байгууллагаас гаргаж буй саналыг дэмжиж, үндсэн хуулийн гучин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан зарлиг болгох нь:

Уламжлалт ёс заншилаа дээдлэн Бурхан халдун хайрханы тахилгын ёслолыг “Дээд овоон”-ны бэлд шинээр бий болгосон овоонд үйлдэж байхаар тогтоосугай.

Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийн байгалийн болон соёлын хосгүй гайхамшигт үнэ цэнийг тодорхойлж дэлхийн өвд бүртгүүлэх санал боловсруулан, Юнескод хандах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Т. Батболд/-т чиглэл болгосугай

Чингис хааны намтар түүхтэй холбоотой түүх, соёлын өвийг судалж тогтоох, хадгалж хамгаалах, дэлхий дахинаа сурталчлан алдаршуулах зорилгоорөргөн хүрээтэй, үр дүнтэй ажил зохион байгуулахыг төрийн болон төрийн бус байгууллага, шинжлэх ухаан, түүх, соёлын зүтгэлтнүүд, нийт ард иргэдэд уриалсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц. ЭЛБЭГДОРЖ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С. БАТБОЛД

6. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

ТӨРИЙН ТАХИЛГАТАЙ УУЛ ХАЙРХАНЫ ТЭНГЭРИЙГ ТАЙХ ТӨРИЙН ЁСЛОЛ ҮЙЛДЭХ ХУВААРЬ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Үндсэн Хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх заалт, Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан зарлиг болгох нь:

Төрийн тахилгатай уул хайрханы тэнгэрийг тайх төрийн ёслол үйлдэх хуваарийг хавсралтаар баталсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц. ЭЛБЭГДОРЖ

7. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ҮНДЭСНИЙ БАХАРХАЛТ ХАЙРХАНААР ЗАРЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын засгийн газраас тогтоох нь:

Монгол төрийн тахилгат болон Монгол улсын бүх цэргийн хар сүлдний тахилгат Бурхан Халдун хайрханыг Монголын ард түмний сүлд хийморийн бэлгэдэл болгон “Үндэсний бахархалт хайрхан”-аар өргөмжлөн зарласугай.

 “Үндэсний бахархалт хайрхан”цыг олон нийтэд зарлан тунхаглах, сурталчилах ажлыг зохион байгуулахыг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С. Оюун, Соёл спорт, аялал жуулчлалын сайд 2. Оюунгэрэл нарт даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н. АЛТАНХУЯГ

БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖЛИЙН САЙД С. ОЮУН

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ХЭНТИЙ ХААН УУЛЫН НЭРИЙН ӨӨРЧЛӨХ ТУХАЙ

Газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 8.5 дахь хэсэг, Геодези зурагзүйн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1.6.2 дахь заалт, 11.8 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их ХУрлаас тогтоох нь:

Нэгдсэн Үндсэтний байгууллагын боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага буюу Юнескогийн Дэлхийн өвийн хорооны 39 дүгээр чуулганы хуралдаанаар Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийг Дэлхийн соёлын өвөөр бүртгэсэнтэй холбогдуулан “Газар зүйн нэрийн жагсаалт батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2003 оны 42 дугаар тогтоолыг хавсралтаар баталлсан жагсалтын “УУЛ”-ын нэрийн хэсгийн “Хэнтий Хаан уул, Hentii Haan uul, Хэнтий Өмнөдэлгэр гэснийг“Бурхан Халдун уул, Burkhan Khaldun uul, Хэнтий, Өмнөдэлгэр” гэж өөрчилсүгэй.

Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Бурхан Халдун уулын нэрийг бүртгэх, газрын зурагт тусгах ажлыг зохион байгуулж хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Ж. Эрдэнэбат/-т даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 13 дугаа зүйлийн 13.1.3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн Газраас тогтоох нь:

Дэлхийн өвд бүртгэгдсэн газар нутгийг хадгалж хамгаалах, судлах сурталчлах үүрэг бүхий Монгол Алтайн хадны зургийн цогцолборын хамгаалалтын захиргаа, Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийн хамгаалалтын захиргааг тус тус байгуулсугай.

Монгол Алтайн хадны зургийн цогцолборын хамгаалалтын захиргааны бүтэц, орон тоог 1 дүгээр, Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийн хамгаалалтын захиргааны бүтэц орон тоог 2 дугаар хавсралт ёсоор баталж үйл ажиллагааг 2020 оны 1 дүгээр сарын өдрөөс хэлүүлэн бэлтгэлийн хүрээнд менежментийн төлөвлөгөөг баталж, мэргэжил, арга зүйн удирдлагаар ханган хяналт тавьж ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц. Цогзолмаад үүрэг болгосугай.

Хамгаалалтын захиргааны үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийг 2020 оны улсын төсөвт тусган санхүүжүүлэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц. Цогзолмаа, Сангийн сайд Ч. Хүрэлбаатар нарт даалгасугай.

Хамгаалалтын захиргаа нь үйл ажиллагаа эхлүүлэх хүртэлх хугацаанд түүний чиг үүргийг Монгол Алтайн нурууны болон Хан Хэнтий тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанд тус тус түр хариуцуулах зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд Н. Цэрэнбат, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц. Цогзолмаа нарт даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У. ХҮРЭЛСҮХ

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН САЙД Ц. ЦОГЗОЛМАА

Дээрх тушаал шийдвэрүүдийн үндсэн дээр  Монголын ард түмэн өнө эртнээс шүтэж ирсэн, өнөө үед дээдлэгдэж явдаг Бурхан Халдун уул түүний тахилга тайлгын зан үйл, хамгаалалтанд  төр, засгийн хэмжээнд хэрхэн анхаарал хандуулж буйг илэрхийлж байна. Мөн түүхэн баримтын үндсэн дээр холбогдох журам, тогтоолын дагуу  Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийн хамгаалалтын захиргаа байгуулагдсан нь Бурхан Халдуны эх түүхийг дэлгэрүүлэн судалж ирээдүй хойч үедээ уртаас урт түүхэн хэлхээсийг өвлүүлэн үлдээхэд чиглэсэн болно.

Total Page Visits: 157 - Today Page Visits: 1