Дэлхийн өв-Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг нь Төв аймгийн Мөнгөнморьт сум, Хэнтий аймгийн Батширээт, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумдын нутгийн зарим хэсгийг хамран оршдог. Өвийн газар нутагт эрт цагийн түүхийг түүчээлэн авч ирсэн олон арван дурсгал хадгалагдан буйгаас та бүхэнд Тэрэлжийн дөрвөлжин хэмээн нэрлэгдэн ирсэн Хүннүгийн үед холбогдох нэгэн хотын талаар танилцуулах болно. Тус хот нь Төв аймгийн Мөнгөнморьт сумын төвөөс хойд зүгт 23 орчим км Жаргалант багийн нутаг Модот уулын урд талд Тэрэлжийн голын хойд эрэг дээр байрлаж байна. Бидний өгүүлэн буй Тэрэлжийн дөрвөлжин хэмээх сууринг анх 1925 онд Зөвлөлтийн нэрт эрдэмтэн Б.Я.Владимирцов, Буриадын эрдэмтэн Базар Бараадин нар олж бага хэмжээний малтлага үйлдэн түүний он цагийг тогтоох оролдлого хийжээ. Тэд энэ балгасыг “Хасар балгас” хэмээн нутгийн ард олны нэрийддэгийг баримтлан Чингис хааны дүү Хавт Хасарын суусан хот мөн болов уу хэмээн үзжээ.

1952 онд Монголын эрдэмтэн Х.Пэрлээ Тэрэлжийн дөрвөлжинд малтлага судалгаа хийж уг хэрэм нь Хүннүгийн хот болохыг нарийвчлан тогтоожээ.2007-2008, 2015-2016 онд Монгол-Оросын хамтарсан судалгааны баг хотын дэвсгэр зургийг дахин үйлдэж, хэрэм доторх гол барилга, түүний дэргэд байрлах жижиг барилгын ором, уг барилга болон төв барилгыг холбосон байгууламжийн хэсэг зэрэг газруудад малтлага судалгаа хийсэн байна. Мөн хэрмийн дотор, хэрмийн ойр орчин зэрэг газруудад геофизик, гео соронзон үелзлэлийн тандалт хийсэн байдаг.Тус суурингийн хэрмийн хэмжээ нь 235х235 метр, өндөр нь 50-80 см, өргөн нь 10-15 метр байна. Хэрмийн дотор талд гурван томоохон барилгын туурь байх бөгөөд нэгдүгээр барилга нь 60х32метр хэмжээтэй, өндөр нь 2,0-2,5 м, хоёрдугаар барилга нь 30х35 метр орчим, мөн хэрмийн баруун хойд буланд бас нэгэн том хэмжээтэй барилгын туурь байх бөгөөд түүний хэмжээ нь 20х25 м хэмжээтэй байна. Мөн дээрх барилгын туурь нь хоорондоо дагталшуулсан шороон замаар холбоотой болох нь малтлага судалгааны үр дүнд тодорхой болсон юм.Малтлага судалгаагаар барилгын материал, тоосго, дээврийн олон төрлийн ваар савны хагархай барилгын хэрэглэгдэхүүн илрэн олдсон нь тухайн цаг үеийн хот суурины хөгжлийг тодруулан харуулах чухал баримт болсон байдаг. Эдгээр хэрэглэгдэхүүнүүд нь хэлбэр хэмжээ, хээ чимэглэлээрээ Монгол нутгаас олдсон бусад Хүннүгийн хот суурингуудаас олддог хэрэглэгдэхүүнтэй адил болно.
Тэрэлжийн дөрвөлжин хотын туурийн малтлага судалгааны урьдчилсан үр дүнд энэ хотод оршин суугчид нь төдийлөн удаан хугацаагаар төвлөрч суугаагүй буюу эсвэл тахил тайлгын шинжтэй улирлын чанартай суурин байсан болов уу хэмээн таамагласан байдаг. Эрдэмтэн судлаачид тус хотыг цаашид улам ихээр нарийвчлан судлаж түүхэнд гүйцэтгэсэн үүрэг зориулалт үнэн хийгээд эртний төрхийг нь гаргаж ирвэл зохистой болно хэмээн үзэж байна.