Mongolian National Commission for UNESCO 
ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн 1972 оны конвенцын хэрэгжилтийг хангах чиг үүрэг бүхий Дэлхийн өвийн үндэсний хорооны ээлжит хурал 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Гадаад харилцааны яамны Зөвшилцөл танхимд зохион байгуулагдлаа.
ЮНЕСКО-ийн Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай 1972 оны конвенц нь байгалийн болон соёлын өвийг хамгаалж, түүнийг таниулан сурталчлах, хойч үедээ үлдээх зорилгоор 1972 онд батлагдсан ба 2022 оны байдлаар тус конвенцод 192 улс нэгдэн орсон байна.
Монгол Улс Дэлхийн өвийн конвенцод 1990 онд нэгдэн орсон цагаас хойш “Увс нуурын ай сав газаp”, “Орхоны хөндийн соёлын дурсгалт газар”, “Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор”, “Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг”, “Дагуурын ландшафт” зэрэг 5 газрыг Дэлхийн өвийн үндсэн жагсаалтад, 12 өвийг урьдчилсан жагсаалтад бүртгүүлсэн.
 
Дэлхийн өвийн үндэсний хорооны ээлжит хурлыг нээж Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд, Дэлхийн өвийн үндэсний хорооны дарга Б.Мөнхжин үг хэлж, Соёлын яамны Соёлын өвийн газрын дарга Б.Даваацэрэн хэлэлцүүлгийг чиглүүлэв.
Энэхүү хурлаар Дэлхийн өвийн урьдчилсан жагсаалтад орсон “Алтайн өндөр уулс” өвийн номинацтай холбогдуулан ЮНЕСКО-ийн дэргэдэх Хөшөө дурсгал, дурсгалт газрын олон улсын зөвлөл (ICOMOS), Байгаль хамгаалах олон улсын холбоо (IUCN)-ийн Монгол Улсад хийх техникийн үнэлгээний төлөвлөгөөний тухай хэлэлцэв.
Үүний дараагаар Дэлхийн өвийн жагсаалтад хил дамнасан байгалийн өвөөр бүртгэгдсэн Дагуурын ландшафт өвийн хадгалалт хамгаалалт, Байгаль нуурын асуудал болон Монгол Улс ЮНЕСКО-д нэгдсэний 60 жилийн ой, Дэлхийн өвийн конвенцын 50 жилийн ойн баярыг тэмдэглэх зэрэг асуудлыг хэлэлцэж, гишүүд зөвлөмж гаргалаа.

You may also like