Дэлхийн Өв-Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийн хамгаалалтын захиргаа нь 2018 оны 10 сарын 03-ны  299 дүгээр  тогтоол шийдвэрийг үндэслэн албан ёсоор 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдан үйл ажиллагаа явуулж эхлээд байна.

Дэдхийн өв-Бурхан Халдун уул, ТХТГНХЗ байгуулагдах болсон үндэслэл:

Бурхан Халдун уул бол Монгол үндэстний голомт нутаг язгуурын Монголчуудын өвөг дээдэс эртнээс нутаглаж ирсэн Чингис хаан өөрөө тахиж байсан эрхэм дээд шүтээн уул юм.

Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг нь ЮНЕСКО-гоос гаргасан 1972 оны Дэлхийн өвийн конвенцийн үндсэн баримт бичгүүд түүний дэлхийн нийтийн хосгүй гайхамшигт үнэ цэнийг үнэлэх шалгуурууд хэсгийн хоёр ч шалгуурыг хангасан тул 2015 оны Германы Бонн хотод болсон Дэлхийн өвийн хорооны 39 дүгээр чуулганаас Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийг албан ёсоор соёлын ангиллаар бүртгэсэн байдаг. Тус хоёр шалгуурыг дурьдвал:

  1. Хүн төрөлхтний түүхийн чухал үеүүдтэй холбогдох газрын өвөрмөц тогтоц болон технологийн цогц шийдлүүдийг харуулсан хосгүй үнэт уран барилга, байгууламжууд;
  2. Дэлхий дахины хосгүй үнэт зүйлтэй холбогдсон урлагийн болон утга зохиолын бүтээлүүд, ахуйн уламжлалтай шууд болон бодитоор холбогдсон уламжлалт зан, заншлууд, үзэл бодол, итгэл үнэмшлүүд (Энэ шалгуур нь бусад шалгууртай уялдсан байх ёстой гэж хороо үзсэн байна);  

Бурхан Халдун уул нь Монголын төдийгүй дэхий дахины хосгүй гайхамшигт, Соёлын болон Байгалийн өвд тооцогдох ба түүнийг хадгалж хамгаалан, сурталчилан таниулж, ирээдүй хойч үедээ эх төрх унаган байдлаар нь өвлүүлэн үлдээх чухал үүрэгтэй болно.

Хамгаалалтын захиргааны эрхэм зорилго:  

Дэлхийн өвд бүртгэгдсэн газар нутгийг судлах, сурталчилан алдаршуулах, хадгалж хамгаалах, ДӨ-Бурхан Халдун талаарх мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, боловсрол, сургалт, мэдээлэл, сурталчилах тал дээр дотоодын болон олон улсын байгууллагуудтай хамтарч ажиллан, үнэ цэнэтэй байдлыг алдагдуулахгүй одоо байгаа төрхөөр нь хойч үед өвлүүлэн үлдээх юм.

Хамгаалалтын захиргааны стратеги зорилтууд:

  1. Дэлхийн өв-Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийн хамгаалалтын захиргаа нь дэлхийн өвд бүртгэгдсэн газар нутгийг хадгалж хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлж, нэгдсэн бодлогоор хангах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудыг хийж бүтээлүүдийг хэвлэх;
  2. Дэлхийн өв-Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийн хамгаалалтын захиргаа нь үндэсний болон олон улсын хөтөлбөр, төслүүдийг хэрэгжүүлэх;
  3. Хамтран ажилладаг, төрийн болон олон улсын байгууллагуудтай хамтран хурал, сургалт, семинар зохион байгуулах;
  4. Олон нийтэд түгээж сурталчилах; 
  5. Олон Улсын түншлэл, хамтын ажиллагааг хөгжүүлж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх;
  6. Нутгийн иргэдтэй хамтран ажиллаж тэдний туслалцаа дэмжлэгтэй дэлхийн өвд бүртгэгдсэн газар нутгийг хадгалж хамгаалах;

Хамгаалалтын захиргааны алсын хараа: 

Дэлхийн өвд бүртгэгдсэн Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийг хадгалж хамгаалах, байгалийн тогтвортой байдлыг ханган соёлын биет болон биет бус өвийн талаарх ойлголтыг нийтэд түгээн дэлгэрүүлэх.

Хамгаалалтын захиргааны үнэт зүйлс: хүндэтгэл, ёс зүй, хариуцлага, хамтын ажиллагаа