Зосон зураг (Хүрэл зэвсгийн үе НТӨ II-НТӨ I мянган )

Дэлхийн өв – Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг, Хэнтий аймгийн Батширээт сумын төвөөс баруун хойд зүгт 18 орчим км зайтай газар Эгийн голын хойд эрэг талд Ламын судаг хэмээх хадтай толгойд хадны зосон зургийн дурсгал байдаг. Уг зосон зургийн дүрслэл нь 2 дөрвөлжилж зурсан хүрээн дотор олон цэг дүрсэлсэн байх ба нэг хүрээний дээд талд гараасаа хөтлөлцсөн 2 хүний зурсан байна.

 

Дунд жаргалантын буган хөшөө (НТӨ 1300-НТӨ 600 он)

Дэлхийн өв – Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Баянзүрх багийн нутагт, сумын төвөөс хойд зүгт 30 гаруй км-т, Жаргалантын голын хойд хөндий, Билүүтийн ам хэмээх МНТ-д “Айл харгана” тэмдэглэгдсэн газарт буган хөшөө, дөрвөлжин булш, хиргисүүр бүхий цогцолбор дурсгал бий.

 

Хиргисүүр (Хүрэл зэвсгийн үе НТӨ I мянганаас НТӨ IX зуун)

Дэлхийн өв – Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутагт хүрэл зэвсэгийн үеийн олон дурсгал байдгийн нэг хиргисүүр юм. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум Баянзүрх баг Даш врайбун уулын дурсгал Сумын төвөөс хойд зүгт 65 орчим км зайд Даш Врайбун уулын хормойд хэд хэдэн хиргисүүр, дөрвөлжин булш байдаг.

Дөрвөлжин булш (Хүрэл зэвсгийн үе НТӨ II- НТӨ I мянган)

Дэлхийн өв – Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг, Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг Зүүн бүрхийн голын эхэнд Өжөөн хэмээн нэрлэгдэх модтой уулын баруун болон баруун урд энгэрт хүрэл зэвсгийн үед холбогдох 9 дөрвөлжин булш байдаг.

Тэрэлжийн дөрвөлжин (Хүннү гүрэний үе НТӨ III- НТ I зуун)

Дэлхийн өв – Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг, Төв аймгийн Мөнгөнморьт сумын төвөөс зүүн хойш 25 км зайд Мөнхжаргалан уулын урд дэвсэг дээр, Тэрэлж голын зүүн эрэгт эртний хотын туурь байдаг. Энэхүү хотын туурийг 1925 онд Оросын нэр эрдэмтэн Б.Я.Владимирцов, Буриад эрдэмтэн Базар Бараадын нар олж багахан хэмжээний малтлага хийсэн байна. Тэд уг дурсгалт газрыг нутгийнхны домоглон ярьдаг “Хар балгас” гэж нэрийддэгийг нь баримтлан энэ нь Чингисийн дүү Хавт Хасарын балгас гэж үзэж байжээ. 1949 онд Оросын нэрт археологич В.С.Киселев хотын туурийг судлан үзээд Хүннүгийн үеийн гэж он цагийг тогтоосон бөгөөд энэ нь 1952 онд Х.Пэрлээгийн хийсэн шинжилгээгээр батлагдсан юм.

Хөх чулуутын хүннү булш (Хүннү гүрэний үе НТӨ III- НТ I зуун)

Дэлхийн өв – Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Наран багийн нутагт, сумын төвөөс баруун хойд зүгт 45 км-т, Хөх чулуут хэмээх Ханан хадтай уул бий. Энэ уулын зүүн хойд хажууд уулын энгэрт 33ш хүннүгийн үед холбогдох дугуй чулуун дараас бүхий жирийн иргэдийн булш байдаг.  Эдгээр булшны дараасны голдоо үл ялиг хонхор үүссэн мэт байна. 2015 оны тооллогоор бүртгэгдсэн энэхүү дурсгалт газар 2017-2018 оны хооронд тоногдсон байх магадлалтай хэмээн үзсэн бөгөөд 2018 онд тоногдсон тухай мэдээллийг нутгийн иргэн мэдээлсэн байдаг. Энд нийт 5 булш тоногдсон байна.

created by dji camera

Хүн чулуу (Эртний Түрэгийн хаан улсын үе НТ VI-VIII зуун) 

Дэнслэгийн хүн чулуун хөшөө бүхий тахилын онгон

Дэлхийн өв – Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг, Төв аймгийн Мөнгөнморьт сумын Зүүн бүрхийн голд Дэнслэгийн гол цутгах бэлчрийн баруун талын тэгш дэвсэг буюу Зүүн бүрхийн голын хойд талын намхан дэвсэг дээр 1 хүн чулуу, 5 тахилын онгон байдаг. Хүн чулуун хөшөөний хэмжээ: өндөр-1.3м, өргөн-60см, зузаан-28см. Хөшөөний толгойн өндөр-50см, их биеийн өндөр-76см байна. Хүн чулуу бүхий тахилын онгоныг хашаалсан хэдий ч тэр нь эвдэгдэн нурж хамгаалах боломжгүй болсон байдалтай байна. Энэхүү дурсгал газарт нутгийн иргэдийн зуслан байх агаад айлын хашаан дотор тахилын онгоны зэл чулуу орсон байдалтай байна. Хүн чулууны хадгалалтын байдал ихэд муудсан байх ба энд байх дурсгалууд нь аж ахуйн нөлөөнд тогтмол өртөж байна.

Тахил тайллагын онгон (Эртний Түрэгийн хаан улсын үе НТ VI-VIII зуун)

Дэлхийн өв – Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг, Эртний Түрэг улсын үеийн (VI-VIII зуун) жирийн иргэд хийгээд язгууртан дээдэст зориулан үйлдсэн олон тооны том жижиг тахил тайллагын онгон байдаг.

Рашаан хад

Дэлхийн өв – Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг, Хэнтий аймгийн Батширээт сум, Хурх багийн нутагт байдаг рашаан хаднаа эртний олон овог аймгийн хэдэн зуун төрлийн тамга тэмдгийн дурсгал, хэдэн өөр үеийг хамарсан хадны зургийн дурсгалууд.

Бичигт ханан

Дэлхийн өв – Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум, Хурх баг, нутгийн иргэд бичигт ханан хэмээн нэрлэдэг нэгэн газар буй. Энэ хадны өмнө зүг харсан талд нь газрын хөрснөөс дээш 3м орчимд 2:3 хэмжээтэй 3 мөр төвд үсэг сийлсэн байдаг.

Балдан врайбун хийд

Дэлхийн өв – Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Баянзүрх багийн нутагт, сумын төвөөс хойд зүгт 70 км-т, Мөнх-Өлзийт уулын энгэрт Ар Халхын цагаан Утай гэгдэх Балдан Врайбун хийдийн сэргээсэн дуган, түүний эргэн тойронд хаданд сийлсэн бурхад, барилга байгууламжийн үлдэгдэл тууриуд гэх мэт дурсгалууд байдаг.

 

            Монгол Улс нь тэртээ мянганаас эдүгээ зууныг хүртлэх хугацаанд олон жилийн бартаат түүхэнд уусаж сарнилгүй, амаас ам дамжин үрээс үрд уламжлагдан хадгалагдаж ирсэн Түүх, Соёлын арвин их хэрэглэгдэхүүнтэй орон юм.

Манай улс соёлын өвийг хамгаалах чиглэлд эртнээс бодлого барьж ажилласан бөгөөд соёлын олон талт шинжийг хадгалсан онгон дагшин байгальтай газар оронг улс, аймгийн хамгаалалтанд авах цаашилбал Дэлхийн өвд бүртгүүлэх хүртэлх арга хэмжээ авч байна. Үүний нэгэн жишээ болох бидний дурьдан буй Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийг соёлын чиглэлээр 2015 онд Дэлхийн өвд бүртгүүлсэн бөгөөд Дэлхийн өвд бүртгэгдсэн бүс нь хариуцсан хамгаалалтын захиргаатай байх ёстойг заасан байдаг тул Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 299 дүгээр тогтоолоор Дэлхийн өв-Бурхан Халдун, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийн хамгаалалтын захиргааг байгуулах шийдвэр гарсан. Энэхүү шийдвэрийн үндсэн дээр 2020 оны 05 сард Дэлхийн өв-Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийн хамгаалалтын захиргаа байгуулагдаж үйл ажиллагаа явуулж эхлээд байна.

Дэлхийн өв-Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийн хамгаалалтын захиргаа нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Баянзүрх баг, Хэнтий аймгийн Батширээт сумын Онон баг, Барх баг,  Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн нутгийг тус тус хамрах бөгөөд хамгаалалтын үндсэн талбай 443739.20 га, тусгай хамгаалалтын бүс 271651.17 га газрыг хамардаг.

Дэлхийн өв-Бурхан Халдун уул нь Монголын төдийгүй дэлхий дахины хосгүй гайхамшигт, Соёлын болон Байгалийн өвд тооцогдох ба түүнийг хадгалж хамгаалан, сурталчилан таниулж, ирээдүй хойч үедээ эх төрх унаган байдлаар нь өвлүүлэн үлдээх чухал үүрэгтэй болно.

ХАМГААЛАЛТЫН БҮСЭД ХАМААРАХ СОЁЛЫН БИЕТ БОЛОН БИЕТ БУС ӨВ:

Соёлын биет бус өв:

Соёлын өвийг хамгаалах тухай хуулинд заахдаа: Ард түмний билэг авъяас, мэдлэг, туршлага, эрдэм ухаан, ур чадварын тодорхой илэрхийлэл болон биет бусаар өвлөгдөн уламжлагдаж ирсэн түүх, угсаатны судлал, ардын билэг, зан үйл, ур хийц, арга барил, дэг сургууль, урлаг, шинжлэх ухааны ач холбогдол бүхий дараахь оюуны соёлын үнэт зүйлийг соёлын биет бус өвд хамааруулна:

4.1.1. эх хэл, бичиг, түүний хүрээний соёл;

4.1.2. аман зохиол;

4.1.3. ардын уртын болон богино дуу, тууль, тэдгээрийг дуулах, хайлах  арга барил;

4.1.4. хөдөлмөр, зан үйлийн холбогдолтой уриа дуудлага;

4.1.5. хөөмий, исгэрээ, аман болон тагнай ташилт зэрэг өгүүлэхийн эрхтний шүтэлцээт урлаг, тэдгээрийг   илэрхийлэх  арга  барил;

4.1.6. үндэсний хөгжмийн зэмсгийг урлах,хөгжимдөх, аялгуу  тэмдэглэх арга барил;

4.1.7. ардын уламжлалт бүжиг, бий, биелгээ;

4.1.8. уран нугаралт болон циркийн үзүүлбэрийг илэрхийлэх гоц  авъяастны ур чадварын арга барил;

4.1.9. ардын гар урлалын дэг сургууль;

4.1.10. ардын ёс заншил, зан үйлийн уламжлал;

4.1.11. эрдэм ухааны уламжлал;

4.1.12. ардын бэлгэдэх ёсны уламжлал.[Соёлын өвийг хамгаалах тухай хууль]

ЮНЕСКО-гийн 2003 оны “Соёлын биет бус өвийг хамгалах тухай конвенц”-д биет бус өвийг тодорхойлохдоо: “Соёлын биет бус өв” гэж хамт олон, бүлэг хүмүүс, зарим тохиолдолд хувь хүмүүс соёлын өвийнхөө бүрэлдэхүүн хэсэг гэж хүлээн зөвшөөрсөн зөншил, дүрслэх болон илэрхийлэх хэлбэр, мэдлэг болон дадал, эдгээртэй холбоо бүхий зэмсэг, эд зүйлс, урлагийн бүтээл, соёлын орон зайг хэлнэ. Биет бус өв нь дараах хэлбэртэй байна.

1.    Соёлын биет бус өвийг тээгч хэлийг оролцуулан аман уламжлал, түүнийг илэрхийлэх хэлбэрүүд;

2.    Урлагийн тоглолт үзүүлбэрүүд;

3.    Заншил, зан үйл, баяр ёслол;

4.    Байгаль болон сав ертөнцийн тухай мэдлэг, заншлууд;

5.    Уламжлалт гар урлал; [Юнескогийн Ерөнхий бага хурлын 32 дугаар чуулган 2003 он]

Үеэс үед уламжлагдах соёлын биет бус өвийг хамт олон, бүлэг хүмүүс нь тэдгээрийг хүрээлэн буй орчин, байгаль, түүхийн харилцан шүтэлцээнээс шалтгаалан байнга шинэчилдэг бөгөөд тухайн өв нь тэдгээрт оршин тогтнох болон залгамж чанарын мэдрэмж төрүүлж, соёлын төрөл зүйл, хүний туурвилыг хүндэтгэхэд дэмжлэг үзүүлдэг. Энэхүү конвенцийн зорилгод  олон олон улсын хүний эрхийн зөвхөн одоо мөрдөж буй баримт бичиг болон хамт олон, бүлэг, хувь хүмүүсийн  хоорондын харилцан хүндэтгэл, мөн тогтвортой хөгжлийн шаардлагуудад нийцсэн соёлын биет бус өвийг авч үзнэ. 

Бидний хамгаалан буй Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийн хамгаалалтын бүсэд хамаарах Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын соёлын биет бус өв эзэмшигч 24 хүн бүртгэгдсэн байдаг бол Хэнтий аймгийн Батширээт сумаас соёлын биет бус эзэмшигч 20 хүн, Мөв аймгийн Мөнгөнморьт сумаас соёлын биет бус өв эзэмшигч 28 хүн Соёлын өвийн үндэсний төвийн мэдээллийн санд бүртгэгдсэн байдаг бөгөөд ёлын биет бус өвийн чиглэлээр нарийвчилсан судалгааны ажлыг хийх нь нэн түрүүнд хийгдэх ажил болж байна.

  • Түүх, соёлын үл хөдлөх дурсгал (соёлын биет өвийг дотор нь хоёр хуваах ба хөдлөх өв, үл хөдлөх өв хэмээнэ)

Хөдөө хээр, байгаль дээр ил задгай орших хүний гараар бүтээгдэн бий болсон эртний булш, бунхан, хиргисүүр, хөшөө чулуу, хадны сүг зураг, сүм хийдийн туйрь гэх мэт дурсгалыг хэлнэ. 

1972 онд НҮБ-ийн Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын байгууллагын /ЮНЕСКО/ Ерөнхий бага хурлын 17 дугаар чуулганаар баталсан “Дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах конвенци”-д “Соёлын өв” гэдэг ойлголтыг үл хөдлөх гэдэг утгаар нь гурав ангилсан байдаг. Үүнд:
– Хөшөө дурсгал (түүх, урлаг, шинжлэх ухааны хувьд нэрд гарсан, бүх талын үнэт ач холбогдол бүхий уран барилга, сүрлэг чимэглэлийн уран баримал, уран зургийн бүтээл, археологийн олдвор, бичээс, агуй болон цогцолбор дурсгал) 
– Архитектурын чуулга (түүх, урлаг, шинжлэх ухааны хувьд нэрд гарсан бүх талын үнэт ач холбогдол бүхий салангид буюу нэгдмэл барилга байгууламж, уран барилгын цогцолбор) 
– Дурсгалт газар (хүний болон хүн, байгалийн хамтарсан бүтээлүүд, мөн түүх, гоо зүй, угсаатны судлалын хувьд нэрд гарсан бүх талын үнэт ач холбогдол бүхий археологи, түүхийн дурсгалт газрыг багтаасан бүс нутаг) гэж ангилсан байна. [Юнескогийн Ерөнхий бага хурлын 17 дугаар чуулган 1972 он]
Манай улс 1992 оны Үндсэн хуулийн үзэл баримтлал болон олон улсын соёлын өвийн талаарх нийтлэг ойлголтод нийцүүлэн 2001 онд шинэчлэн найруулж баталсан “Соёлын өвийг хамгаалах тухай хууль”-ийн 3 дугаар зүйлд “… эртний хүний оромж, отог бууц, оршин сууж байсан ул мөрийг хадгалсан соёлт давхарга, ашигт малтмал олборлож, боловсруулж, үйлдвэрлэл эрхэлж байсан газар, булш хиргисүүр, бунхан, оршуулга, тахилын газар, хөшөө чулуу, хадны сүг зураг, бичээс зэрэг археологийн дурсгал; эртний хот суурины үлдэгдэл, балгас, хэрэм, цайз болон уран барилгын цогцолбор, сүм дуган, хийд, гудамж, талбай, байшин барилга зэрэг уран барилгын дурсгал; түүхэн хүмүүсийн амьдрал, үйл ажиллагаатай холбоотой байшин барилга; түүх, соёлын цогцолбор газар; эртний хүн, амьтан, бичил биетэн, ургамлын чулуужсан олдвор, ул мөр, тэдгээрийг агуулсан олдворт газар” зэрэг дурсгалуудыг үл хөдлөх гэх ангилалд хамаатуулан хуульчилсан байдаг. 

Түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн ангилал

1. Чулуун зэвсгийн бууц, суурин, дархны газар: Түүхэн тодорхой үед хүмүүс аж төрж байсныг гэрчлэх чулуун зэвсэг, түүнийг хийхэд үлдсэн чулууны үлдэгдэл, хоол хүнсний үлдэгдэл болон бусад хүмүүсийн хэрэглэж байсан эд зүйлсийн ул мөр бүхий олдвортой /соёлт давхарга/ дурсгалт газрыг хамруулдаг.

2. Хүмүүсийн сууж байсан оромж, сууц: Түүхэн тодорхой цаг үед хүмүүсийн орогнож байсаныг гэрчлэх олдвор бүхий дурсгалт агуй, нүхэн сууц зэргийг хэлнэ. 

3. Хадны сийлмэл зураг: Байгалийн тогтцоороо байгаа хад чулууны толигор гадаргуу дээр хүн, мал, амьтан болон бусад зүйлсийн зургийг тусгай багаж зэвсэг ашиглан сийлж зурсан бүх төрлийн хадны сийлмэл зургуудыг хамаарна. 

4. Зос, бэхэн зураг: Байгалийн тогтцоороо байгаа хад чулууны толигор гадаргуу дээр хүн, мал, амьтан болон бусад зургийг тусгай найрлага бүхий зос, бэх, шороон будаг ашиглан зурсан бүх төрлийн хадны зургийг хамааруулна. 

5. Тамга, бичгийн дурсгал: Байгалийн тогтцоороо байгаа хад чулууны толигор гадаргуу дээр овгийн тамга болон тодорхой үсэг бичгийг ашиглан зос, бэх болон сийлбэрлэн гаргасан бүх төрлийн тамга тэмдгийн дурсгалыг хамааруулна. 

6. Булш, оршуулга: Түүхэн тодорхой цаг үед хүмүүс талийгаачдаа тусгай зан үйлийн дагуу оршуулж, чулуу, шороогоор дарсан /хадны ан цав, агуйг ашиглан талийгаачийг оршуулсан хадны оршуулга мөн хамаарна/ бүх төрлийн булш, оршуулгууд хамаарна. 

7. Тахил тайллагын байгууламж: Түүхэн тодорхой цаг үед талийгаачийнхаа хойд насанд нь зориулж хийж бүтээсэн тахилын байгууламжууд хамааран. 

8. Хиргисүүр: Эртний хүмүүс чулуугаар том хэмжээний чулуун овоолго үйлдэж, түүнийхээ гадуур хүрээ татаж олон жижиг дугуй чулуун байгууламж дагалдуулан бүтээсэн бүх төрлийн хиргисүүрийн байгууламжууд хамаарна. 

9. Овоо: Хүмүүсийн байгаль дэлхийгээ хамгаалах, газар орныхоо хилийн цэсийг тогтоох зэрэгтэй холбоотойгоор чулууг овоолон босгосон бүх төрлийн овоо хамаарна. 

10. Эртний хот, шивээ, хэрмийн үлдэгдэл: Түүхэн тодорхой цаг үед хүмүүсийн оршин сууж байсан болон, цэргийн бэхлэлт болгон барьж байгуулсан барилга байшин, хэрмийн үлдэгдэл хамаарна. 

11. Тахилын сүм: Түүхэн тодорхой цаг үед хүмүүс талийгаачийн хойт насанд зориулан тодорхой цаг хугацаанд давтамжтайгаар тахил тайлга хийх газар болгон барьж байгуулсан тахилын сүмүүд хамаарна. 

12. Суварга, сүм хийд, түүний үлдэгдэл: Түүхэн тодорхой уаг үед шашны хурал номын үйл ажиллагаа явуулж байсан болон мөргөл, хүндэтгэлийн үүргийг гүйцэтгэж байгаад хожим нь эвдэрч сүйдсэн, эргэж сэргээн засварлагдсан суварга, сүм хийд, түүний туурь үлдэгдлүүд хамаарна. 

13. Барилга, байшин: Түүхэн тодорхой цаг үед баригдаж хот байгуулалт, уран барилгын түүхийн аль нэг хэсгийг төлөөлж чадах болон түүхэн үйл хэргийн бодит дурсгал болж үлдсэн, нэрт хүмүүсийн ажиллаж, амьдарч байсан бүх төрлийн барилга байшин, орон сууцны барилга хамаарна. 

14. Буган чулуун хөшөө: Байгалийн гонзгой урт чулууг засч янзлан /зарим тохиолдолд засаагүй байдаг/ гадаргуун дээд хэсэгт нар, сар дунд хэсгээр буга, доод хэсгээр нь бүс, зэр зэвсэг зэргийг сийлж цоолборлож үйлдсэн хөшөө дурсгалыг хамруулдаг. 

15. Хүн чулуун хөшөө: Түүхэн тодорхой цаг үед хүмүүсийн байгалийн чулууг засч янзлан хүний биеийн төрх гарган сийлсэн бүх төрлийн хөшөө дурсгал хамаарна. 

16. Бичигт хөшөө: Түүхэн тодорхой цаг үед хүмүүсийн байгалийн чулууг засч янзлан гадаргуу дээр нь ямар нэг бичиг үсэг хэрэглэн түүхэн хэрэг явдал болон бусад зүйлсийн талаар бичиж үлдээсэн бичвэр бүхий хөшөөд хамаарна. 

17. Амьтны дүрст чулуун дурсгал: Түүхэн тодорхой цаг үед хүмүүс амьтан эрхэмлэх зан үйлтэй холбоотойгоор байгалийн чулууг засч янзлан амьтны дүрс гарган урлаж хийсэн чулуун дурсгалууд хамаарна. 

18. Төмөрлөг олзворлож, боловсруулж байсан газар: Түүхэн тодорхой цаг үед хүмүүсийн олзворлож байсан уурхай болон түүнийг боловсруулж байсныг гэрчлэх ул мөр бүхий дурсгалт газрууд хамаарна. 

19. Шавар бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан газар: Тодорхой түүхэн цаг үед хүмүүс шавар ахуйн хэрэгцээний сав суулга, барилгын хэрэглэгдэхүүн зэрэг эд зүйлс хийж байсан болон хийсэн зүйлсээ шатаан боловсруулж байсан ул мөр бүхий дурсгалт газрууд хамаарна.

20. Газар тариалан эрхэлж байсан газар: Түүхэн тодорхой цаг үед хүмүүс газар хагалж, суваг шуудуу татах зэргээр тариалан эрхэлж байсныг гэрчлэх ул мөр бүхий газар нутаг хамаарна. [Соёлын өвийг хамгаалах тухай хууль]

Бидний дурьдан буй нутаг дэвсгэрт Чингис хааныг онголсон талаар түүний үйл хэрэгтэй холбогдох шинжилгээ, судалгааны ажлыг сурвалжын мэдээнд тулгуурлан эрдэмтэн судлаачид одоог хүртэл судлан шинжилсээр байна.

1921 онд Судар бичгийн хүрээлэнгийн анхны дарга О. Жамъян гүн, нэрт орчуулагч түүхч Ч. Бат-Очир, Л. Дэндэв нар хүрээлэнгийн дэргэд “Чингис хааны төрсөн болон онголсон нутгийг тогтоох комисс” байгуулан Юань улсын 110 дэвтэр түүхийг орчуулж хөдөө орон нутагт хээрийн судалгаа зохиож эхэлсэн байдаг. Түүнээс хойш 1920-1950 он хүртэл Өрнө, Дорнын эрдэмтэд Чингис хаан, Монголын нууц товчоо, Чингисийг онголсон газрыг судлах судалгаа хийсээр байсан болно.

Х. Пэрлээ эрт цагаас 12 зууны эхэн хүртэл овог аймгийн тэргүүнүүдийг нэгэн газарт оршуулж түүнийгээ Ихсийн газар гэж нэрлэдэг байсан. Харин Хориг нь Монгол гүрний үед их хөгжсөн бололтой гээд Хэнтий ууланд ойр нутаглах урианханы зарим домгийг анхааран үзэж монгол хаадыг оршуулж байсан газар Хэнтий уулнаас урагш Дэлгэрхаан уулын ар Балданчийн амны эх газар хавийн Их өвөлжөөгэдэг хуучин нутгийг Их өтөг байж болох юм гэж үзсэн байна. Тэрээр Онон-Хэрлэнгийн монголчуудын овог аймгийн сурвалжтаныг оршуулж тахиглан байсан Ихсийн газрыг өргөтгөн Их Хоригийг байгуулсан бололтой гэж үзсэн байдаг. Тэр цагаас хойш олон арван судлаачид өөрсдийн судалгаа шинжилгээг хийж тус тусын дүгнэлтээр бүтээл туурвиж байсан бол 1990-1993 оны хооронд хийгдсэн Гурван гол төслийн хүрээнд Бурхан Халдун уул хийгээд түүний орчимд хийгдсэн судалгааны ажил том үр дүнг өгсөн юм. Дээрх судалгааны үр дүнд 1991 онд чулуун зэвсгийн бууц суурин 29, дөрвөлжин булш 395, хиргисүүр 32, битүү дараастай булш 83, хадны зураг 2, хүннү булш 291, түрэгийн тахилын онгон 101, он цаг тодорхой бус 100, сүм хийд 4, хөшөө 1, хятад бичээс 1 илэрч бүртгэгдсэн бол 1993 онд чулуун зэвсгийн бууц суурин 2, хүрэл зэвсгийн үеийн булш 121, хиргисүүр 35, хүннү булш 17, түрэг тахилын онгон 87, монгол булш 35 нийт 1325 булш буюу түүх соёлын дурсгалыг бүртгэн баримтжуулсан байдаг.

Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийн хамгаалалтын захиргааны бүсэд хоёр аймаг гурван сумын газар нутгийг хамрах ба Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд 103 дурсгалт газрын 500 түүх, соёлын үл хөдлөх дурсгал, Хэнтий аймгийн Батширээт сумын 65 дурсгалт газрын 250 түүх, соёлын үл хөдлөх дурсгал, Төв аймгийн Мөнгөнмөрьт сумын 24 дурсгалт газрын 132 түүх, соёлын үл хөдлөх дурсгалын мэдээлэл хадгалагдаж байна.

Үүнээс Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийн хамгаалалтын захиргааны хамгаалалтын бүсэд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 2 дурсгал газрын 8 дурсгал( 1. Бурхан Халун уул, түүний орчмын эртний дурсгалт газрууд Дунд овооны сүмын туурь, 2. Гуна уулын хиргисүүр ) 

Төв аймгийн Мөнгөнморьт сумын 2 дурсгалт газрын 2 дурсгал(1. Тэрэжийн дөрвөлжин Хүннүгийн хот суурины туурь. 2. Тэнүүний хийдийн туурь) хамаарч байна. Мөнгөнморьт сумын нутаг дэвсгэрт байх түүх, соёлын үл хөдлөх дурсгал болох Тэрэлжийн дөрвөлжин Хүннүгийн хот суурингийн туурь нь Улсын хамгаалалтанд байдаг болно.

Хамгаалалтын захиргаа нь өөрийн эрх үүргийн хүрээнд Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийн хамгаалалтын болон түүний орчны бүсэд  Археологи, Түүх, Угсаатны зүйн нарийвчилсан судалгаа, шинжилгээний ажлыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран төсөлт хөтөлбөр хэрэгжүүлэх нь тэргүүн зорилт болж байна.