Дэлхийн өв-Бурхан Халдун уул нь Монгол туургатны эх, түүхийн голомт нутаг билээ. Монголын эзэнт гүрнийг үндэслэгч Их Эзэн Богд Чингис хаан “ Бурхан Халдуныг өглөө бүр мялаасугай, өдөр бүр тахисугай, ургийн ураг минь ухан мэдтүгэй” гэж нэгэнтээ андгайлж, түүнийг Монголчуудын мөнхийн шүтээн уул болгосон юм.

Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийг 2015 онд ХБНГУ-ын Бонн хотноо хуралдсан ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны 39 дүгээр чуулганаар Дэлхийн соёлын өвд бүртгэсэн.

Иймд Монгол Улсын засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 299 дүгээр тогтоолоор БСШУСЯам, одоогийн Соёлын Яамны харьяа Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийн хамгаалалтын захиргаа шинээр байгуулагдан үйл ажиллагаа явуулж эхлээд байна.

Үндэсний бахархалт Бурхан халдун хайрханы газар нутгийг судлах, сурталчилах, эх төрх унаган байдлаар нь хадгалж, хамгаалах, хойч үедээ өвлүүлэн үлдээх их үйлсэд Монгол түмнээрээ зүтгэх учиртай.

Та бүхэнд манай цахим хуудсаар зочилсонд талархал илэрхийлж, хосгүй гайхамшигт өв соёлоо хамтран хамгаална гэдэгт итгэлтэй байна.

“Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн

тахилгат газар нутгийн хамгаалалтын

захиргаа”-ны дарга Г.Чинболор