Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант баг, Тэрэлжийн хөндий хэмээх газарт 2025.06.22-23-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Монгол түмний үндэсний эв нэгдэл, үнэт зүйлсийг бэхжүүлэх түүх, хэл, соёл, өв уламжлал, зан заншлаа хадгалж хамгаалж хөгжүүлэх нь бидний амин чухал дархлаа мөн билээ.

“Дэлхийн өв-Бурхан Халдун, соёлын өвийн наадам” нь Монгол Улсын үндэсний өв соёл, нүүдэлчин ахуй, уламжлалт ёс заншлын үнэт зүйл, онцгой өвөрмөц чанар, үнэ цэнийг сурталчлах, нутгийн иргэдийн оролцоог хангаж, мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой. Тус наадмыг Бурхан Халдун уул, ТХТГН-ийн хамгаалалтын захиргаанаас санаачлан Дэлхийн Тэнгэр Шүтлэгтний Нэгдсэн Холбоо ТББ, Төв аймгийн Мөнгөнморьт сумын ЗДТГ, Монголын уламжлалт харваачдын холбоо, Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбоо, орон нутгийн иргэдтэй хамтран амжилттай зохион байгууллаа.

Наадмын үеэр язгуур өв соёлыг илэрхийлсэн Урлагийн тоглолт, Бэсрэг наадам зохион байгуулагдсан бол Үндэсний дээлтэй хосуудаас иж бүрэн Монгол дээл хувцастай, орчин үеийн хэв загварыг шингээсэн үндэсний хувцастай оролцогчдыг шалгаруулсан нь онцлог байв.

Монголчуудын дунд мартагдан бүдгэрч буй соёлын биет бус өв (СББӨ) болох Монгол бөөгийн зан үйл, уул усны тахилга, галын тахилга, лусын тахилга, нарны залбирал, мөргөлийг Дэлхийн Тэнгэр Шүтлэгтний Нэгдсэн Холбооноос удирдан явуулсан бол Тахилгад есөн ээж цайны дээжээр цацал өргөж олон түмэн хишиг буян хурайлан дуудав.
Наадмын үйл ажиллагаанд орон нутгийн иргэд, сүсэгтэн, Төрийн болон ТББ, судлаачид, зочид төлөөлөгчид гээд нийт 200 орчим хүн оролцов.