
Дэлхийн өв-Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг орших Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутаг дахь Хурх болон Мандалын голд байх хүн чулуун хөшөөг сэргээн засварлах ажлыг 2025 оны 08 дугаар сарын 28-31-ний өдрүүдэд “Соёлын өвийн үндэсний төв”-ийн ерөнхий сэргээн засварлагч С.Даваадарь ахлагчтай мэргэжилтнүүд болон хамгаалалтын захиргааны соёлын өвийн харгалзан хамгаалагч О.Оюунбаатар нар хамтран хийж гүйцэтгэлээ.

Түрэгийн үеийн буюу НТ VI-VIII зуунд холбогдох хүн чулуун хөшөөнд малгай, гэзэг үс, дээл, бүс, гутал, гоёл чимэг, зэр зэвсэг зэрэг зүйлсийг дүрсэлдэг. Хүн чулуун хөшөөн дээр дүрслэгдсэн зүйлс нь тухайн хүний эдэлж хэрэглэж байсан зүйлсийн эх сурвалж юм. Иймд нэг талаасаа тухайн хүн чулуунд сийлэгдсэн дүрслэлээр түүнийг эгэл жирийн болон язгууртны дурсгал хэмээн 2 ангилан авч үзэж болно.

Бид бүхний сэргээн засварласан 2 хүн чулуунд хүний нүүр, бие эрхтэн болон эд юмсыг тойм төдий хонхойлгон сийлсэн байна. Мөн багахан байгууламжийн бүрэлдэхүүнд байгаагаас үзэхэд “эгэл жирийн” хэмээх ангилалд багтах юм.

Мандалын болон Хурхын голд байх голоороо хагарч, газарт унасан байдалтай байгаа 2 хүн чулуун хөшөөг сэргээн засварлаж, босгосноороо түүхийн нэгэн сурвалж, эх хэрэглэгдэхүүн болсон дурсгалын хадгалалт хамгаалалтыг сайжруулах, дүр дүрслэл нь бүдгэрч устах, хугарсан хэсэг нь зөөгдөж алга болохоос урьдчилан сэргийлж буй явдал юм.