Монгол Улсын Соёлын биет бус өвийн Төлөөллийн үндэсний бүртгэлд бүртгэгдсэн “Байгаль хамгаалах уламжлалт зан үйл, цээрийн ёс” өвийг Та бүхэнд толилуулж байна.
Монгол хэмээх нэгэн үндэстэн Төв Азийн элгэн дээр бүрэлдэн бий болсон цагаасаа угсаатны олон бүлэг, газар нутгийн ялгаанаасаа үл хамаарч, байгаль орчны талаарх үзэл ойлголт, байгалиа хамгаалж ирсэн уламжлалт аргууд нь адил, нийтлэг байсаар иржээ.
Газар усны эзэн, лус савдгийн тухай үзэл төсөөлөл нь байгаль хамгаалахад чухал нөлөөтэй бөгөөд тахилга шүтлэгийн зан үйл, ёслол нь тэдгээрийг магтан баясгах, зочлон хүндлэх, аргадан эерүүлэх, аврал өршөөл гуйх, уурлуулж хилэгнүүлэхгүй байхад чиглэж, ингэсний ачаар амар амгалан, элбэг баян, өвчин тахалгүй, гал усны гашуун зовлонгүй байна гэж үздэг байжээ.