Цэнхэрмандал сумын нутаг “Бургастайн бичигт цохио” хэмээх газар оршино. Анх Д.А.Клеменц 1896 онд Дорнод Монголоор аялан явахдаа бичээсийг олж үзэн тайландаа бичсэн байдаг. Эртний түрэг бичээсийг баруунаас зүүн тийш бичдэг атал уг бичээсийг дороос нь дээш өгсүүлэн, нэгэн тамганы хоёр талаар хоёр мөр болгон бичсэн байна. Энэхүү бичээсийг Б.Ринчен, К.В.Вяткина, Х.Пэрлээ, Фэн Цзя-шэн, С.Г.Кляшторный, С.Е.Малов, М.Шинэхүү нарын судлаачид уншин, тайлах оролдлого хийсэн байдаг. Бичээсийг судлаачдын уншсанаар дор сийрүүлбэл: С.Г.Кляшторный: “Ичи өзүнчү кыргым күсгү йылка контым” буюу “Өз Инчю Кыргы-ын ах би хулгана жилд энд суулаа” гэж байхад, М.Шинэхүү: “Ичи ез Иненчү кыргым кысгү йылка конатым” буюу “Ичи өз Инэнчү би устгав (тэгээд) хулгана жил (энд) нутаглав” гэж монгол хэлээр хөрвүүлжээ. Хоёр мөрийн дунд буй тамга нь Ичи өз Иненчү гэдэг хүний өөрийнх нь буюу овгийн тамга байх боломжтой хэмээгээд тамга судлалын ухаанаар судалж үзвэл уг хүн аль овгийн ямар хүн болохыг тодруулж болох юм гэжээ. Уг бичээс VIII зууны хоёрдугаар хагас, IX зууны эхэн үед бичигдсэн хэмээн үзжээ.
Энэхүү дурсгалыг улсын хамгаалалтад авснаар тухайн дурсгалын эх төрх, бүрэн бүтэн байдлыг хадгалж хамгаалах арга хэмжээг төлөвлөж хэрэгжүүлэх, дурсгалын үнэ цэн, ач холбогдлыг нэмэгдүүлэх, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
