ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга

Дэлхийн өвийн хорооны ээлжит 44 дүгээр чуулган БНХАУ-ын Фужоу хотноо цахимаар зохион байгуулагдаж буйтай холбогдуулан Монгол Улсаас Дэлхийн өвд соёлын ангиллаар бүртгэгдсэн Бурхан Халдун уулын хадгалалт хамгаалалтын менежмент төлөвлөгөөний төслийг авч хэлэлцэв. “Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг” өвтэй холбоотой Дэлхийн өвийн конвенцын Нарийн бичгийн дарга нарын газраас гаргасан 44 COM 7B.147 тоот урьдчилсан шийдвэрийг хэлэлцэж баталсан юм. Тус шийдвэрт өвийн хадгалалт хамгаалалтын асуудлыг хариуцах хамгаалалтын захиргаа байгуулсан, өмнөх шийдвэрүүдийг биелүүлж ажилласан оролцогч талыг сайшааж, өвийн хадгалалт хамгаалалтын менежментийн төлөвлөгөөг эцэслэн батлах чиглэлээр зөвлөмж өгөв. Хуралдааны үеэр ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга тус шийдвэрийн талаарх манай улсын байр суурийг илэрхийлэв. Тэрээр өвийн хамгаалалтын захиргаа нь холбогдох оролцогч талуудтай хамтран бүхий л нөөц бололцоогоо ашиглан зөвлөх байгууллагуудын өгсөн зөвлөмжүүдийг хэрэгжүүлж ажиллах болно хэмээн мэдэгдэв.

Дэлхийн өв – Бурхан Халдун уул, ТХТГНХ-ын захиргааны дарга Г.Чинболор, Дурсгалт газрын судалгаа, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн А.Дүүрэнжаргал, Гадаад харилцаа, менежмент хариуцсан мэргэжилтэн П.Сугармаа