ТҮҮХ СОЁЛЫН ҮЛ ХӨДЛӨХ ДУРСГАЛЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

Дэлхийн өв-Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг нь Төв аймгийн Мөнгөнморьт сум, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Батширээт сумдыг дамнан оршдог. Тус газар нутгийн Түүх соёлын үл хөдлөх дурсгалыг цувралаар танилцуулж байна.

Зосон зураг (Хүрэл зэвсгийн үе НТӨ II-НТӨ I мянган )

Дэлхийн өв – Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг, Хэнтий аймгийн Батширээт сумын төвөөс баруун хойд зүгт 18 орчим км зайтай газар Эгийн голын хойд эрэг талд Ламын судаг хэмээх хадтай толгойд хадны зосон зургийн дурсгал байдаг. Уг зосон зургийн дүрслэл нь 2 дөрвөлжилж зурсан хүрээн дотор олон цэг дүрсэлсэн байх ба нэг хүрээний дээд талд гараасаа хөтлөлцсөн 2 хүний зурсан байна.

Дунд жаргалантын буган хөшөө (НТӨ 1300-НТӨ 600 он) 

Дэлхийн өв – Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Баянзүрх багийн нутагт, сумын төвөөс хойд зүгт 30 гаруй км-т, Жаргалантын голын хойд хөндий, Билүүтийн ам хэмээх МНТ-д “Айл харгана” тэмдэглэгдсэн газарт буган хөшөө, дөрвөлжин булш, хиргисүүр бүхий цогцолбор дурсгал бий.

Хиргисүүр (Хүрэл зэвсгийн үе НТӨ I мянганаас НТӨ IX зуун)

Дэлхийн өв – Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутагт хүрэл зэвсэгийн үеийн олон дурсгал байдгийн нэг хиргисүүр юм. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум Баянзүрх баг Даш врайбун уулын дурсгал Сумын төвөөс хойд зүгт 65 орчим км зайд Даш Врайбун уулын хормойд хэд хэдэн хиргисүүр, дөрвөлжин булш байдаг.

Дөрвөлжин булш (Хүрэл зэвсгийн үе НТӨ II- НТӨ I мянган)

Дэлхийн өв – Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг, Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг Зүүн бүрхийн голын эхэнд Өжөөн хэмээн нэрлэгдэх модтой уулын баруун болон баруун урд энгэрт хүрэл зэвсгийн үед холбогдох 9 дөрвөлжин булш байдаг.

Тэрэлжийн дөрвөлжин (Хүннү гүрэний үе НТӨ III- НТ I зуун)

Дэлхийн өв – Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг, Төв аймгийн Мөнгөнморьт сумын төвөөс зүүн хойш 25 км зайд Мөнхжаргалан уулын урд дэвсэг дээр, Тэрэлж голын зүүн эрэгт эртний хотын туурь байдаг. Энэхүү хотын туурийг 1925 онд Оросын нэр эрдэмтэн Б.Я.Владимирцов, Буриад эрдэмтэн Базар Бараадын нар олж багахан хэмжээний малтлага хийсэн байна. Тэд уг дурсгалт газрыг нутгийнхны домоглон ярьдаг “Хар балгас” гэж нэрийддэгийг нь баримтлан энэ нь Чингисийн дүү Хавт Хасарын балгас гэж үзэж байжээ. 1949 онд Оросын нэрт археологич В.С.Киселев хотын туурийг судлан үзээд Хүннүгийн үеийн гэж он цагийг тогтоосон бөгөөд энэ нь 1952 онд Х.Пэрлээгийн хийсэн шинжилгээгээр батлагдсан юм.

created by dji camera

Хөх чулуутын хүннү булш (Хүннү гүрэний үе НТӨ III- НТ I зуун)

Дэлхийн өв – Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Наран багийн нутагт, сумын төвөөс баруун хойд зүгт 45 км-т, Хөх чулуут хэмээх Ханан хадтай уул бий. Энэ уулын зүүн хойд хажууд уулын энгэрт 33ш хүннүгийн үед холбогдох дугуй чулуун дараас бүхий жирийн иргэдийн булш байдаг.  Эдгээр булшны дараасны голдоо үл ялиг хонхор үүссэн мэт байна. 2015 оны тооллогоор бүртгэгдсэн энэхүү дурсгалт газар 2017-2018 оны хооронд тоногдсон байх магадлалтай хэмээн үзсэн бөгөөд 2018 онд тоногдсон тухай мэдээллийг нутгийн иргэн мэдээлсэн байдаг. Энд нийт 5 булш тоногдсон байна.

created by dji camera

Хүн чулуу (Эртний Түрэгийн хаан улсын үе НТ VI-VIII зуун) 

Дэнслэгийн хүн чулуун хөшөө бүхий тахилын онгон

Дэлхийн өв – Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг, Төв аймгийн Мөнгөнморьт сумын Зүүн бүрхийн голд Дэнслэгийн гол цутгах бэлчрийн баруун талын тэгш дэвсэг буюу Зүүн бүрхийн голын хойд талын намхан дэвсэг дээр 1 хүн чулуу, 5 тахилын онгон байдаг. Хүн чулуун хөшөөний хэмжээ: өндөр-1.3м, өргөн-60см, зузаан-28см. Хөшөөний толгойн өндөр-50см, их биеийн өндөр-76см байна. Хүн чулуу бүхий тахилын онгоныг хашаалсан хэдий ч тэр нь эвдэгдэн нурж хамгаалах боломжгүй болсон байдалтай байна. Энэхүү дурсгал газарт нутгийн иргэдийн зуслан байх агаад айлын хашаан дотор тахилын онгоны зэл чулуу орсон байдалтай байна. Хүн чулууны хадгалалтын байдал ихэд муудсан байх ба энд байх дурсгалууд нь аж ахуйн нөлөөнд тогтмол өртөж байна.

Тахил тайллагын онгон (Эртний Түрэгийн хаан улсын үе НТ VI-VIII зуун)

Дэлхийн өв – Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг, Эртний Түрэг улсын үеийн (VI-VIII зуун) жирийн иргэд хийгээд язгууртан дээдэст зориулан үйлдсэн олон тооны том жижиг тахил тайллагын онгон байдаг.

Рашаан хад

Дэлхийн өв – Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг, Хэнтий аймгийн Батширээт сум, Хурх багийн нутагт байдаг рашаан хаднаа эртний олон овог аймгийн хэдэн зуун төрлийн тамга тэмдгийн дурсгал, хэдэн өөр үеийг хамарсан хадны зургийн дурсгалууд.

Бичигт ханан

Дэлхийн өв – Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум, Хурх баг, нутгийн иргэд бичигт ханан хэмээн нэрлэдэг нэгэн газар буй. Энэ хадны өмнө зүг харсан талд нь газрын хөрснөөс дээш 3м орчимд 2:3 хэмжээтэй 3 мөр төвд үсэг сийлсэн байдаг.

Балдан врайбун хийд

Дэлхийн өв – Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Баянзүрх багийн нутагт, сумын төвөөс хойд зүгт 70 км-т, Мөнх-Өлзийт уулын энгэрт Ар Халхын цагаан Утай гэгдэх Балдан Врайбун хийдийн сэргээсэн дуган, түүний эргэн тойронд хаданд сийлсэн бурхад, барилга байгууламжийн үлдэгдэл тууриуд гэх мэт дурсгалууд байдаг.

 

 

 

You may also like