Их Хэнтэйн нурууны өвөр буюу Бурхан Халдун уулын зүүн хойд хажуу ДТД-1250 метр өндрөөс эх авсан Богд гол, Хэрэй толгой, Будан цагаанаас эх авах голуудын бэлчирээс Хэрлэн гэж нэрлэгддэг. Хэрлэн голын нийт урт нь 1264 км бөгөөд Босго тэнгэрийн давааны хойд талын бэлчирээс улсын хил хүртэл 1090 км километр үргэлжилдэг. Голын ус хураах талбай нь 116455 км, Номхон далайн ай савын 54% дангаараа бүрдүүлдэг. Хэрлэн гол нь эхэн хэсэгтээ өмнө зүгийг чиглэн урсаж байснаа аажмаар зүүн тийш эргэн хилийн чанадад орших Далай нуурт цутгал болон орох бөгөөд Хэрлэн голын хөндий эхэн хэсэгтээ 0,5-0,7 км өргөн байх ба Хэнтий нурууны уулсаас гарч холдох тутам хөндий өргөсөж 15-20 км болж гулдрал нь ихээхэн тахирлан зарим газраа олон салаа үүсгэдэг.

Дэлхийн өв-Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийн хамгаалалтын бүсэд Хэрлэн голын эхэн хэсэг буюу Тэнүүний гол цутгал болох нийлэх бэлчир хүртэл хамаардаг.Хэрлэн гол бол Монголын түүх, Эзэн Чингис хааны түүхэн үйл хэрэгт холбогдсон чухал газруудын нэг болж тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Үүний тод жишээ болох Монголын Нууц Товчоон хөлгөн их сударт Хэрлэн хэмээх нэр 14 удаа гарах бөгөөд Үүнд: 2-р бүлэг 94, 96, 98, 3-р бүлэг 107, 4-р бүлэг 136, 142, 5-р бүлэг 151, 6-р бүлэг 177, 183, 7-р бүлэг 193, 12-р бүлэг 269, 282 зүйлд тус тус дурдагсан байдаг.Жишээ нь: Урьд Бөртэ үжинийг Тэмүжин есөн настай байхдаа үзэж ирснээс хойш дахин уулзаагүй билээ. Одоо Тэмүжин Бэлгүтэй хоёр Бөртэй үжинийг эрэхээр Хэрлэн мөрөн уруу одов. Цэгцэр Чихургу хоёрын завсар Хонгирадын Дэй сэцэн нутаглан байгаа ажээ. Дэй сэцэн, Тэмүжинийг үзэж маш их баясаж өгүүлрүүн: “Ах дүү тайчууд нар чамд атаархан хорсохыг би мэдэх тул чиний тухай сэтгэл зовнисоор цөхрөхөд хүрсэн билээ. Одоо чамтай уулзав” гээд Бөртэ үжинийг Тэмүжинд өгөв. Тэмүжин Бөртэ үжинийг авч хамт буцахад Дэй сэцэн үдэж яваад Хэрлэний Ураг цөл гэдэг газар хүрч [халуунд ядрах тул] Хэрлэн руу гэдрэг буцав. Дэй сэцний гэргий Цотан охин Бөртэ үжинийг үдэж Хүрэлх дотор Сэнгүр горхинд бүхнүйд хүргэж ирэв. 2-р бүлэг 94-р зүйл. Эндээс үндэслэн харвал МНТ хийгээд бусад түүхэн сурвалжийн мэдээгээр Хэрлэн голын сав түүний цэнгэг усыг бараадан бидний өвөг дээдэс нүүдэлчин Монгол түмэн эртнээс нутаглан байсныг батлан харж болох ч хэзээ хаанаас Хэрлэн хэмээн нэрийдэж ирсэн, тус нэр ямар утга агуулгыг өөртөө шингээсэн үг болохыг тайлбарлаж нэгтгэсэн тодорхойлолт дүгнэлт одоо хир гараагүй. Иймийн тул Хэрлэн голын нэрийн асуудлыг хөндөж тавьсан эрдэмтийн саналаас хүргэж байна.

’МНТ’’-нд Хэрлэн нэр нь kerὕlen хэлбэрээр тэмдэглэгдсэн байх ба өнөөгийн хэлбэрийг олох хүртэл тодорхой хэмжээний цаг хугацааны өөрчлөлтөнд орсон байх дамжиггүй. ОХУ-н эрдэмтэн М.Э.Мурзаев Хэрлэн голын нэрийг хамнигануудын хэрэлгэн ‘өргөн хөндий, нам дор газар’ язгуураар тайлбарласан байна. Түүнээс арай өөр хувилбарыг ОХУ-н Буриад эрдэмтэн Т.А. Бертагаев дэвшүүлсэн нь монгол үгийн бүтцийн үүднээс хандан хэр-лэн бие даасан хоёр бүтээвэр Хэр- монголоор ‘’МНТ’’-нд тэмдэглэсэнээр ‘араараа модтой нуруу’, керу- ‘уулын ар тал’, лэн/ -лан үйл үгээс нэр үг үүсгэх нөхцөл (хашах-хашаалан, хадах-хадлан, бур. Сабхаша-сабшалан, зусах-зуслан гэх мэт) болно. Дээрхийн үзсэнээс харахад Хэрүлэн, Хэрлэн нь эрт цагт хойд, умарын гэсэн утгыг илэрхийлж болох гэж үзсэн ч бас нэгэн санал гаргасныг өгүүлбэл Хэрлэн гэх нь баруун буриадын аялгуу ёсоор ‘зүгээ бууруулах’, халх-монголоор ‘тэнэх, нэг газраас нөгөө тийш явах’, хэрэх гэсэн үг нь ‘’МНТ-’’нд дурдагдах кэрэку(тэнэх, гуйлга гуйж явах) үгтэй утга дүйж байгаа учир дээрх үгнээс үүссэн байж болох юм хэмээжээ. Учир хэмээвээс нэгэн чиг шулуун урсалгүй дорно зүгт эх аван гарч, умарыг чиглэн зүгээ өөрчлөн урсаж алсын алсыг зорин хөвөөгүй их талыг туулан урсдагт ингэж нэрлэсэн байх талтай хэмээн үзжээ.

You may also like