Өнө эртнээс тахин шүтэгдэж ирсэн өндөр дээд Бурхан Халдун хайрханыг өдгөө бидний цаг дор ч тахин шүтсэн хэвээр байгаа билээ. Бурхан Халдун хэмээх нэр нь ‘’Монголын Нууц Товчоо’’-нд 27 удаа дурдагдаж, түүнээс хойш бүтээгдсэн олон сурвалжуудад нэр нь хадгалагдан бидэнд иржээ. Иймийн тул түүхэн сурвалжуудад нэр нь хэдэнтээ дурдагдаж Монголын түүхийн чухал хэсгүүдэд холбогдох ‘’Бурхан Халдун’’ уулын нэрийн тухайд эрдэмтдийн санал, тухайн нэрийг судалсан тоймийг та бүхэнд танилцуулж байна. Бурхан нэрийн тухайд: Бурхан нэрний талаар өөрсдийн саналыг гаргасан эрдэмтэн судлаачид цөөнгүй байдаг бөгөөд тэдний саналыг үндсэн дөрвөн чиг болгон хуваан энд дурдах болно. Үүнд: 1) Бурхан-Buddha; 2) Бурхан-бургас 3) Бурхан-бүр язгуур 4) Бурхан нь нь нэн эртний монгол хэлний бур- язгууртай холбогдоно хэмээн үзжээ.Бурхан – buddha гэсэн саналыг анхлан гаргасан эрдэмтдийн нэг Н. Поппе (Оросын эрдэмтэн) 1956 онд өөрийн бүтээлдээ (Монголчуудын домогт өвөг Хорилардай мэргэн тэндээс Бурхан халдун ууланд нүүж ирэв. Эл нэр нь Бурхан уул эсвэл шүтээнт уул гэсэн утга бүхий болой) гэжээ. Бурхан үгийг “ариудан дэлгэрэх, ариун дагшин” гэх самгарди хэлний утга болой хэмээжээ. Үүн дээр үндэслэвэл “buddha” гэдэг үгийн амьсгалын “dha”-г хэл эргүүлсхийн “rha”- дуудлагаас үүдэн “burqa” болгож түүн дээрээ монгол хэлний “n” дагавар залган “burqan” болсон хэмээх үзэл баримтлал юм. Мөн Ш. Гаадамба абугай Бурхан Халдуны “бурхан” нь бурхан тэнгэр гэдэг утгаар хэрэглэгдсэн байж болно хэмээн үзжээ. Монголчууд Будда гэж хэлэхгүй Бурхан багш гэж нэрлэн ном судартаа орчуулсаар ирсэн нь ийм дүгнэлт, бодолд хүргэж байж болох юм. Энэ нэрийг эртнээс эхлэн хөөж үзвэл 13 дугаар зууны үеийн уран зохиолын дурсгал болох “МНТ”-нд Бурхан Халдун уулын нэр олонтаа давтагддаг бөгөөд газар усны нэрийн хувьд ч 12 дугаар зуунаас өмнөх үед холбогдоно. Учир хэмээвээс Бөртэ чоно, Гоо марал нүүн ирсэн 8 дугаар зууны дунд үеээс уламжлан ирсэн ёсон хийгээд тэр цаг дор Монгол овог аймгуудын дунд бөө мөргөл ноёрхож байсан гэж үзэж болно. Харин бурханы шашын 13 дугаар зууны дунд үеээс Монголын их хаад, язгууртнуудын оюун санаа сэтгэлгээнд хүчтэй нэвтэрсэн юм. Иймд энд гарч буй нэгдүгээр таамаг Монголчуудын өвөг дээдэс эртнээс нутаглан байсан энэ уулын нэр нь бурхан шашны нэр томъёотой ямар нэгэн холбоогүй хэмээн үзэж болох юм.Үгийн бүтэц, үндэс язгуурыг дундад үеийн монгол хэлний болон төрөлх хэлний эх хэрэглэхүүнтэй харьцуулан үзсэн байдлаар: Бурхан Халдуны “Bur” язгуураас ой модны холбогдолтой бүлэг үгс үүссэн гэж үзвэл үүнд: харанхуй, өтгөн шугуй хэмээн бөөн, өтгөн ургасан мод бутыг хэлдэг байна. Мөн “Bur-a” гэдэг үг байдаг нь дээрхтэй ижил язгуур гаралтайн дээр зарим нутагт бургасыг хэлдэг бөгөөд алтай язгуурын өөр нэг хэл болох манж хэлэнд “Burya” нь бургас, бургасны мөчир гэсэн утгатай байна. Гэтэл дундад үеийн Монгол хэлний дурсгалд “Buryasun”, “Buryasut” гэдэг үг нь “мөчир навчис” гэсэн утгатай хэмээжээ. Урьд дурдсанчлан “buryan”, “bur-a”, “burya”, “buryasun” гэвэл ширэнгэ, бут бургас мөчир гэсэн утгатай бол “burqa”, “burqan” гэвэл тэдгээр мод бутны эзнийг тэмдэглэсэн хийсвэр утгатай болдог байна. Эртний монголчууд өвөг дээдсээ насан өөд болсны хойно тийм нэгэн ариун онгон бут сөөгтэй газар нутаглуулах буюу ариун дархан бут сөөгийг өвөг дээдсээ нутаглуулсан газар нь тарьдаг байжээ. Чухам энэ үеээс эхлээд “бурха, бурхан” гэсэн үгс нь ариун онгод мод бутны эздийг төдийгүй түүнд хувилсан өвөг дээдсийг бас нэрлэх болжээ. Үүнээс үндэслэн тус үгийн гарлаар “бута, бургас”-аас бурхан болж хувирсан үг нь өвгөн гэсэн утгыг агуулна хэмээн үзэж Бурхан Халдун уулыг Өвгөдийн бургастай уул гэж тайлсан байна. Бурхан үгийн гарлыг холбогдох үгээ улам хүч оруулсан “бүрмөсөн” гэсэн утгатай дүйлгэж болох “bὕrὕn” хэмээх МНТ-нд олонтаа тэмдэглэгдсэн “bὕr” язгууртай холбосон саналыг танилцуулж байна. “Бүр” язгуурын утгаар бурхан хэмээх үгийг тайлбарлахад бүр-хан буюу бүрүн хан хэмээх утгатай нийлмэл үг гэж ухаж ойлгох боломжтой. Энэ нь “бурхан”-ыг өвгөн гэсэн утгатай санал зөрөхгүй бөгөөд товчилбол: “бүр” язгуур нь хан хэмээх эрхэм цолыг тодотгох, хүч оруулах хэлбэрээр хоршсоноос бурхан буюу бүр хан хэмээх үг үүсчээ. Орчин цагийн Бүрэн хаан нэрт уул нь эрт цагийн Бурхан уулын нэрийн улбаа байж болох талтай хэмээн үзсэн байна.“Бурхан” гэсэн үгийг эрдэмтэн судлаачид өөрсдийн судалгааны үндсэн дээр тайлбарласан байдаг тэдгээрийг доор товч дурдвал:-М. Ууганбаяр: Бурхан халдун нь хоршоо уг хэмээн авч үзсэн байх ба утга нь оршуулгын газар, өвөг дээдсийн онгон (бурхан-эцэг өвгөд, халдун-эмгэд) гэжээ.- Ш. Цэцэнцогт: burqai-хуланц дээдэс-Элдэндэй, Ардаажав: burqai-хуланц өвөг-Д. Цэрэнсодном: burqan-нэрийг эртний түрэг, монгол хэлний бор саарал гэжээ.-Жин ган: бурхан нь köke buga -М. Базаррагчаа: burqan нь burgqai, barqai дүрслэх үгийн эртний язгууртай холбоотой гэмээн тус тус үзжээ. Бурхан Халдун уулын Халдун нэрийн талаар үргэлжлэл бий…Дээр дурдсан мэдээллийн дэлгэрэнгүйг холбогдох бүтээлүүдээс авна уу?Равдан Э. “Монголын Нууц Товчоон” дахь газар нутгийн нэр судлал, УБ.,2020, 34-50тДулам С. “Монголын Нууц Товчоон” дахь “QOSI’UN QUCILIS” хэлц болон “BURQAN-QALDUN” нэрийн тухай- “Монголын Нууц Товчоон” дахь газар нутгийн нэр судлал: судалгааны сонгомол өгүүллийн эмхэтгэл, УБ., 2020, 487-497тӨлзийбаяр С. Хан Хэнтий уулын талаарх нэгэн санал- Түүхийн судлал, Tomus XLVIII, Fasc 5, УБ., 2019, 85-91т

Бурхан Халдун уулын нэрийн тухай 2-р хэсэг Халдун нэрийн тухай

Бид та бүхэнд Бурхан Халдун уулын “Бурхан” үгийн талаарх саналыг хүргэсэн бөгөөд түүний үргэлжлэл хэсэг “Халдун” хэмээх үгийн талаар эрдэмтэн судлаачдын саналыг үргэлжлүүлэн танилцуулж байна. Монголын Нууц Товчоонд Бурхан Халдун уулын нэрийг салгаж ерөнхийлөн Бурхан уул гарав, Бурханыг гурвантаа тойроход зэргээр дангаар бичсэн байхаас гадна Халдун бурхан, дангаар нь Халдун гэж нэрлэсэн зэргээс Халдун нэр нь бурхан нэрний холбоос болохоос гадна Бурхан Халдун гэсэнтэй адил утга дүйж байгааг харж болох юм. Анх 1950 онд Б. Ренчин уг нэрийг бургастай холбон үзсэн бол Оросын эрдэмтэн Н. Поппе 1956 онд гаргасан бүтээлдээ уулын налуу хэмээн тайлбарласан байдаг ба түүнээс хойшхи эрдэмтдийн саналч өдгөө ч өөр хоорондоо зөрүүтэй хэвээр байна. Үүнд: С. Дулам “Халдун” гэдэг нь модоор урлан бүтээсэн өвгөдийн сахиус гэж тайлбарлан тодорхойлсон байдаг. Э. Хэниш (Монголын Нууц Товчооны толь бичиг)-тээ “huldun”-ыг шахалдах, “huldut”-ыг уулын хажуу, ханан хад, уул гэж үзсэн болно.П. Пеллио МНТ-ны Франц орчуулгадаа халдуныг “уул”гэжээ.Ц. Дамдинсүрэн Монголын Нууц Товчоог орчин цагийн Монгол хэлэнд буулгахдаа “хадат гэр” хэмээсэн байна.М. Ууганбаяр “халдун”-ыг эмгэд хөгшид, хатан гэх санааг дэвшүүлсэн бөгөөд энэ саналыг М. Базаррагчаа дэмжсэнээс гадна бурхан халдун нэрийг “эр, эм, эцэг, эх” гэсэн хоршоо үг гэж нотолсон байна.С. Чагдуржав халдун гэх үгийг “хатан” хэмээн үзсэнийг М. Базаррагчаа өөрийн бүтээлдээ мөн дурдсан байна.Ш. Гаадамба тус үгийг “тахилга оршуулгатай газар” гэж үзсэн байдаг.Э. Равдан дээрх судлаачдын санал тодорхойлолтыг нэгтгэж дүгнэлт гарган нэгэн өөрийн бүтээлдээ Халдун хэмээх нэр нь “уул” гэсэн нэрийг багтаасан нийлмэл нэр бөгөөд түүнийг өмнөх үгтэйгээ нийлж хувьсан өөрчлөгдсөн дэвсгэр нэр хэмээн үзсэн байна. Мөн Элдэндэй, Ардаажав нар нь 18-р зууны үед холбогдох нэгэн манж хэлнээ бичигдсэн “Олон монгол аймгийн газрын ойлголт” хэмээх бичигт Хэнтий уулын судал Бурхан хад уул нь маш өндөр Хэрлэн, Онон, Туул голын эх гарсан газар хэмээсэн нь судлаачдын гаргасан санал дүгнэлтийг илүү бодит болгон өгч байна. Дээрх судлаачдаас гадна С. Өлзийбаяр үзэхдээ М. Ууганбаярын дагуур хэлний “qa-la” овог аймаг, өвөг дээдэс гэсэн үтгэй “qaldun” хэмээх үг уг гарлаараа нэг гэснийг дэмжсэн бөгөөд монгол хэлний “qal” буюу гал голомтоо тойрон нягтрах үйлээс гаралтай байж болно хэмээн үзжээ. Мөн гал голомт гэсэн утгатай адилсагаж үзэж болох нэгэн саналыг дэвшүүлсэн нь ханз (буюу сууцандаа гал түлж дээгүүр нь хавчтгай чулуу зулж дэвсэн, тусгайлан зассан сувгаар утааг гүйлгэж дулаацуулах байгууламж)-ыг утга гарлын хувьд ижил халах үйлийг илэрхийлнэ хэмээгээд Ш. Гаадамбын оршуулгын газар гэж тайлбарласан нь Халдун нь халах язгуураас үүссэн нэр болно гэсэн байна. Мөн халдун, халдуд нь шарил хайлуулах чандар болгодог газрын тусгайлсан цээр нэр гэх саналыг дэвшүүлэн А. Пунсаг МНТ-нд (87-р зүйлд гардаг үнэсээр хийстэл, 112-р зүйлд Бурхан Халдунаа зориулав, 146-р зүйл үнэсээр хийстэл, 148-р зүйл үнэсээр хийстэл хядав) гарах зарим зан үйлийн шинж бүхий үгэн дээр суурилан бататгасан байна. Дээрх санал тодорхойлолтонд дээр тулгуурлан Бурхан Халдун нэр нь Бүрүн хан (бурхан болох) үгүй болсон өвөг дээдэс, чандрын газар хэмээн саналыг дэвшүүлсэн байна. Бид та бүхэнд Бурхан Халдун нэрийн тухай холбогдох хамгийн сүүлийн үеийн судалгааны материалаас иш татан хүргэсэн бөгөөд дэлгэрэнгүй танилцаж судлахыг хүсвэл доорхи судлаачдын бүтээлийг үзнэ үү.Равдан Э. “Монголын Нууц Товчоон” дахь газар нутгийн нэр судлал, УБ.,2020, 34-50тДулам С. “Монголын Нууц Товчоон” дахь “QOSI’UN QUCILIS” хэлц болон “BURQAN-QALDUN” нэрийн тухай- “Монголын Нууц Товчоон” дахь газар нутгийн нэр судлал: судалгааны сонгомол өгүүллийн эмхэтгэл, УБ.,2020, 487-497тӨлзийбаяр С. Хан Хэнтий уулын талаарх нэгэн санал- Түүхийн судлал, Tomus XLVIII, Fasc 5, УБ., 2019, 85-91т

You may also like