ЮНЕСКО-оос “Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай” (1972), “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай” (2003) ”Соёлын олон төрөл байдлыг хамгаалж, хөхүүлэн дэмжих тухай” (2005) конвенцуудыг батлан, Дэлхийн өвийн жагсаалтуудад хүн төрөлхтний хосгүй үнэ цэнт өвийн зүйлсийг бүртгэн авч, ирээдүй хойчийн тусын тулд хадгалж хамгаалан, түгээн алдаршуулж байна. Монгол Улс дээрх олон улсын конвенцуудад нэгдэн орж, өөрийн улс үндэстний биет болон биет бус өвүүдийг Дэлхийн өвд бүртгүүлж, хадгалан хамгаалж, хөгжүүлсээр ирэв.
БСШУС-ын сайдын 2019 оны А/759 дугаар тушаалаар Монгол Улсын соёлын биет бус өвийн төлөөллийн үндэсний бүртгэл 7 айд хамаарах 279 өв, Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвд 7 айд хамаарах 83 өв бүртгэгдсэнээс “Язгуур шүтлэгийн ёс, зан үйл”, “Уул овоо тахих монгол ёс” нь яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад орсон байдаг.
 
Монгол Улсын үндэсний өв соёл, нүүдэлчин ахуй, уламжлалт ёс заншлын үнэт зүйл, онцгой өвөрмөц чанар, үнэ цэнийг сурталчлах, нутгийн иргэдийн оролцоог хангаж, мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой тус наадмыг Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийн хамгаалалтын захиргаанаас санаачлан Дэлхийн Тэнгэр Шүтлэгтний Нэгдсэн Холбоо ТББ, Төв аймгийн Мөнгөнморьт сумын ЗДТГ, ИТХ-тай хамтран зохион байгуулсан.
“Дэлхийн өв – Бурхан Халдун, соёлын өвийн наадам”-нд язгуур өв соёлыг илэрхийлсэн урлагийн тоглолт, үндэсний спортын уралдаан тэмцээнүүд явагдаж, “Бурхан Халдун Виртуал” үзвэр, хайрханы гэрэл зургийн үзэсгэлэн, орон нутгийн иргэд тэр дундаа СББӨ-ийг өвлөн уламжлагчдын урласан гар урлал, нутгийн брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн дэлгэгдсэн. Түүнчлэн Монголчуудын дунд мартагдан бүдгэрч буй соёлын биет бус өв (СББӨ) болох Монгол бөөгийн зан үйл, уул усны тахилга, галын тахилга, лусын тахилга, нарны залбирал, мөргөлийг язгуур зан үйлийн дагуу хийж гүйцэтгэв.
Мөн Мөнгөнморьт сумын ЕБС-ийн сурагчдын дунд соёлын өвийн үнэ цэнийг хүүхэд багaчуудад танин мэдүүлэх зорилготой “Үндэсний бахархалт Бурхан Халдун хайрханаа хэн сайн мэдэх вэ?” сэдэвт хүүхдийн гар зургийн уралдаан зарлаж, шалгарууллаа.
Наадмыг дэмжин ажилласан Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Соёл, урлагийн газар, хамтран зохион байгуулсан, оролцсон Төрийн болон ТББ, судлаачид, орон нутгийн иргэд та бүхэнд талархсанаа илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсье. Тус наадам цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулагдахыг үүгээр мэдэгдье.
 

You may also like