“Бурхан Халдун” уул бол Монгол нутаг дахь тахилгат газар нутаг, тахилгын зан үйлийн уламжлалын эрт, дундад үеийн тод жишээ төдийгүй өдгөө ХХ зуунд Монгол төрийн хэмжээнд тахигдаж байгаа их шүтээн уул юм. Тэмүжин Гурван Мэргэдээс Бурхан Халдун уулын эздийн ачаар амь гарч өвөг дээдэс болох Бодончарын үеэс тахиж шүтэж ирсэн Бурхан Халдун уулаа өглөө бүр мялаахыг ургийн урагт захиас болгон үлдээсэн тэр үеэс Алтан ургийнхны хүрээнд тахигдсаар ХVII зуунтай золгон, Монголчууд Манжийн эрхшээлд орсны дараа “Бурхан Халдун” нэрээ нууцлан “Хэнтэй Ханы тахилга” нэрээр төр ёсны тахилга хийгдэх болжээ. Тухайн үеэс эхлэн Ар Монголын Их хүрээнд суусан манж сайд эрхлэн, халхын Түшээт хан, Сэцэн хан аймаг, Их шавийнхан хамтран жил бүрийн хавар, намарт хоёр удаа Бурхан Халдуныг тахидаг болжээ.

Монголын Үндэсний Төв Архивт хадгалагдан буй баримт бичигт дурдсанаар, тахих удаа бүр хэрэглэх үхэр, хонь, дарс, боорцог, идээний зэрэг зүйлийг Халхын дөрвөн аймаг урьдаас бэлдэж, Дотоодын яамнаас тайх өдрийг тогтоон айлдсаны хойно зарлигаар тайх бичгийн үг зохион, шар цаасны эвхмэл айлтгаж, дээрээс уулын тэнгэрт өргөх сум, хүж торгыг Сангийн яаманд тушааж бэлдүүлдэг байв. Хэнтэй Хан уулын тэнгэрийг тайхуй дор дэд сайд мордохуйд зарлигийн бичиг үүрч залах, өмнө удирдах хоёр, хажууд жагсан явах дагалт дөрвөн хүнийг дагалдуулах. Зарагдсан сайд, тайх лам нарт авч ёслон мөргөдөг байв. Уулын тэнгэрийг тайхад Нийслэл Хүрээнээс цорж лам нарыг гаргахад хэрэглэх бөс гэр, ачлага тэмээ, хүнс уналгын зэргийг дөрвөн аймгаас бэлтгэн өг. Уналгын морийг мөнхүү уулын сүргээс нийлүүлэн хэрэглүүлэхээс гадна гагцхүү тахил, бэлэг, зул, хүжийн зүйлийг урьд ёсоор ламын сангаас гаргуулагтун. 1910 онд Хан Хэнтийг тахихад Хүрээний манж сайд түшмэдэд цоохор гэр 2, цагаан гэр 1, майхан 15, унах морь 82, ачааны морь 10, морьтой улаач 39, хомтой тэмээ 2, хүнсний хонь 9, тайлгад хэрэглэгдэх зумын хонь 25, үхэр 4, шар цай 4040 боодол, жимс 40 жин, архи 80 жин, цагаан идээ 6 шуудай, айраг 18 хөхүүр гэхчлэн тахилгад хэрэглэх зүйлсийг цэс үйлдэн гаргасан байдаг. “Зарлигаар тогтоосон Монгол Улсын хууль зүйлийн бичиг”-т байгаль хамгаалах асуудлыг өмнөх хуулиудаас илүү өргөн хүрээгээр хамарч тайж тахих ёслолыг хуульчлан тогтоож өгчээ. Хан Хэнтэйн (Бурхан Халдун)-ны тахилга тайлга хийх ёс 1924 оныг хүртэл үргэлжилжээ. 1925 онд Улсын II их хурлаас тахилгын ёсыг хориглосон тогтоол гаргаснаар энэ зан үйл олон жил тасар Монголын ард түмний хүсэлтээр 1995 онд тахилгын зан үйл сэргэж Бурхан Халдун уулыг төрийн тахилгат уул болгожээ. 1995 онд Ерөнхийлөгч П.Очирбат, 2004 онд Ерөнхийлөгч Н.Багабанди, 2009 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар тус тус зарлиг гарган Бурхан Халдун уулыг “Төрийн тахилгат уул” хэмээн нэрлэж уулын тэнгэрийг тайх төрийн ёслолыг 4 жилд нэг удаа тахиж байгаад 2015 оноос хойш 5 жилд нэг удаа тахихаар тогтов. 2020 оны 10 сарын 26 нд Төрийн долоо дох тахилга боллоо. Өдгөө тахилгыг Чингисийн Цэргийн Хар тугийг цэнгүүлэх ёслолтой цуг үйлдэж байна. Бурхан Халдун уулын тэнгэрийг тайх төрийн ёслолыг “Төрийн тахилгатай уул овооны тэнгэрийг тайх тахилгын ёслолын журам”-ыг баримтлан ёслолд албан ёсоор оролцох бүрэлдэхүүнийг томилон, иргэд, сүсэгтэн олны оролцоотой, тусгай хөтөлбөрийн дагуу үйлдэж байна.

https://www.legalinfo.mn/annex/details/53?lawid=725

You may also like