“Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг”-ийн хамгаалалтын бүсийг тодорхойлох тэмдэглэгээ бүхий багана босголоо

“Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг”-ийг 2015 оны 7 дугаар сард ХБНГУ-ын Бонн хотноо болсон ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 39 дүгээр чуулганаар Монгол Улсаас нэр дэвшүүлэн Дэлхийн өвийн Жагсаалтад соёлын ангилалаар бүртгүүлсэн билээ.

Төрийн тахилгат, Үндэсний бахархалт хайрхан Бурхан Халдун уул нь монгол туургатны эх түүхийн голомт нутаг юм. Монголын нууц товчоонд “Бурхан халдуныг өглөө бүр мялаасугай, өдөр бүр өчсүгэй, ургийн ураг минь ухан мэдтүгэй” гэж 800 гаруй жилийн өмнө Их эзэн Чингис хаан зарлиг болгосныг тэмдэглэсэн байдгаас гадна Бурхан Халдун уулын талаар 20 гаруй удаа дурдагдсан байдаг.

Бурхан Халдун уулыг Дэлхийн өвд бүртгүүлсэн нь Чингис хааны намтар түүхтэй холбоотой соёлын өвийг судлах, хадгалж хамгаалах, дэлхий дахинаа сурталчлан алдаршуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан явдал болсон юм.

ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлснээр энэхүү ариун дагшин газар нутгийн дэлхий дахины хосгүй гайхамшигт үнэ цэнийг хадгалан хамгаалах, үнэ цэнэ, ач холбогдлыг нь олон нийтэд сурталчлан таниулах, хамгаалалтын төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэн, хойч үедээ болон хүн төрөлхтөнд өвлүүлэн үлдээх үүргийг Монгол Улсын Засгийн газар, ард түмэн хүлээсэн байдаг.

Энэхүү үүргийнхээ хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 299 дүгээр тогтоолоор Дэлхийн өвийн газрын хамгаалалтын асуудлыг Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанд хариуцуулан ажиллаж байна.

ЮНЕСКО-ийн эмблем бүхий хөшөө босгох үйл ажиллагааг 2018 оны 11-р сарын 21-ний өдөр Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг Хэрлэнгийн дээд Цагаан Аралд зохион байгуулсан.

Харин энэ удаа (2019 оны 5 дугаар сарын 30, 31-ний өдөр) “Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг”-ийн хамгаалалтын бүсийг тодорхойлох тэмдэглэгээ бүхий баганыг бүсийн дагуу босгох арга хэмжээг БОАЖЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа, Соёлын өвийн үндэсний төвийн зүгээс зохион байгуулав. Арга хэмжээнд БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат, Соёлын өвийн үндэсний төвийн захирал Г.Энхбат тэргүүтэй төлөөлөгчид оролцов.

You may also like