Төв Азийн цээжинд нутагтай Монгол хэмээх агуу ард түмний тухай “Хажуу газрыг халцартал, энгэр газрыг элэгдтэл дуулалдан цэнгэлдэх ажгуу” хэмээн “Монголын нууц товчоо” хөлгөн их сударт тэмдэглэн үлдээсэн байдаг. Энэ бол монголчууд эртнээсээ дууч ард түмэн гэдгийг гэрчлэх хамгийн том баталгаа билээ.
Монголын өргөн уудам тал нутаг Монгол хүний хоолойны цар хүрээнд нөлөөлсөн бөгөөд нүүдэлчдийн өдөр тутмын амьдрал дундаас ардын болон уртын дуу үүсэн өнөө цаг үед улам төгөлдөржин хөгжиж байна.
Үндэсний энэхүү их өв уламжлалаа өнөө цагт өртөөлөн авч ирж, үр хойчдоо уламжлуулан хүргэхээр зорьж яваа МУГЖ уртын дуучин С.Нансалмааг соёлын сэргэлт аяны хүрээнд онцолж байна.
10 настай бяцхан охин МУАЖ Чулуунбаатарын Шархүүхэн хэмээх нэрт уртын дуучинтай танилцаж шавь нь болсноор өдий 50 гаруй жил ажил амьдралаа уртын дуутай холбон яваа нэгэн билээ.
Уртын дуучин С.Нансалмаа нь нутгийнхаа “Хардэл” аялгууг өвлөн уламжилж явна. Хардэл аялгуу нь уртын дууны бусад таван аялгууг бодвол их том цар хүрээтэй, аялгуу өнгө нь далайцтай, шуранхай цохилго нь гүн гүнзгий байдгаараа онцлогтой. Зүүн нутгийн хардэл аялгууг өвлөн авч үлдэхийн тулд уртын дуучин С.Нансалмаа сүүлийн 20 гаруй жил шавь сургалтыг нутагтаа зохион байгуулж байна.
МУГЖ С.Нансалмаа 2006-2007 онуудад ӨМӨЗО-ны Хөх хотод “Ардын урлагийг давтан боловсруулах сургууль”-ийн сургагч багшаар ажиллаж 70 гаруй хүүхэд залууст, орон нутагтаа 350 гаруй хүүхэд залуучуудад уртын болон ардын дууг зааж сургасан юм.
ХЭНТИЙ АЙМАГ ЧИНГИС ХОТ
2023.05.27

You may also like